УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Хуулийн төслүүдийн талаар үг хэлж, асуулт асуух гишүүн байгаагүй тул зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хугацааг “2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 61,5 хувь нь тус тус дэмжлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “импортлоход” гэсний дараа үндэсний үйлдвэрийг дэмжих зорилгоор дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тос” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ |
|