Баасан, 2024-11-22
А.Энхжин: Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулахад орлого тасалдсан гэх нотлох баримт шаардахгүй

Монголбанкнаас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 3 сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбоотойгоор Монголбанкны НУСЗЗГ-ын захирал А.Энхжингээс зарим зүйлийг тодрууллаа. 
 
-Монголбанкнаас иргэдийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр бүх ипотекийн зээлд хамаарах уу.  Мөн иргэдээс  заавал орлого тасалдсан гэх нотлох баримт шаардах уу?
 
-Монголбанкнаас коронавирусийн тархалтаас шалтгаалан эдийн засаг, санхүүгийн салбарт үүсч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор бодлогын арга хэмжээнүүд авч байна. Зөвхөн мөнгөний бодлогын арга хэрэгслээс гадна макро зохистой бодлого, банкны хяналт,  шалгалтын хүрээний зохицуулалтуудыг түр хугацаагаар хөнгөлөх, өөрчлөн тогтоох зэрэг арга хэмжээнүүдийг багтааж байгаа. Банкны хяналт, шалгалтын хүрээнд зээлдэгчийн орлого тасалдсанаас үүдэн, эргэн төлөлт хүндрэх асуудлыг шийдэх зорилгоор зээлдэгч нь банктайгаа харилцан тохиролцвол зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах замаар төлбөрийг түр хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж өгсөн. Харин  төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хувьд хэрхэн хамрагдах нь тодорхойгүй байсан. Үүнийг шийдэх зорилгоор Сангийн яам, Монголбанк, МИК болон банкууд хамтраад холбогдох шийдвэрийг гаргасан.
 
Энэ шийдвэрийн хүрээнд төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн санхүүжилтийн хөнгөлөлттэй хөтөлбөр  буюу 8, 5 хувийн хүүтэй ипотекийн зээл авсан иргэд өөрийн харилцдаг банкиндаа хүсэлт гаргаад, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 3 хүртэлх сараар нэг удаа хойшлуулах боломжтой боллоо. Иргэдийн зүгээс тухайн банкиндаа зөвхөн хүсэлт гаргаснаар зээлийн төлбөрийн хуваарьтаа өөрчлөлт оруулж болно. Тэгэхээр орлого тасалдсан гэх ямар нэгэн нотлох баримт шаардахгүйгээр зөвхөн хүсэлтэд үндэслэн зээлийн хуваарьтаа өөрчлөлт оруулах боломжтой.  
 
Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа зарим зохицуулалтын арга хэмжээ нэгдүгээр сарын 31-нээс хойш хэрэгжиж байгаа.  Тиймээс ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах шийдвэр ч өмнөх арга хэмжээтэй уялдах ёстой. Өөрөөр хэлбэл,  нэгдүгээр сарын 31-нээс хойш зээлийн эргэн төлөлт нь тасалдсан иргэд энэхүү арга хэмжээнд хамрагдах боломжтой гэсэн үг.  Жишээлбэл, тухайн зээлдэгч  хоёрдугаар сарын 10-нд зээлээ төлөх ёстой байж байгаад, төлж чадаагүй гэж бодъё.  Тэгвэл  тэр хугацаанаасаа эхлээд 3 сарын хөнгөлөлтөө эдлэх боломжтой юм.
 
-Иргэд зөввхөн  хүсэлтээ гаргахад л хангалттай гэж ойлгож болох уу?
 
-Иргэдийн хувьд 5 дугаар сарын 1-нээс өмнө өөрийн харилцдаг банкиндаа зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтээ гаргана. Банкны хувьд иргэний хүсэлтэд үндэслэн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах замаар уг асуудлыг шийдвэрлэнэ.
 
-Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан тохиолдолд арилжааны банкинд ямар нөлөө үзүүлэх вэ?
 
-Энэ арга хэмжээ нь зөвхөн төрөөс санхүүжүүлж байгаа орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамаарна. Арилжааны банкны өөрийн эх үүсвэртэй ипотекийн зээлийн хувьд банк нь харилцагчтайгаа тохиролцсоны үндсэн дээр гуравдугаар сарын 18-нд Монголбанкнаас гаргасан шийдвэрийн дагуу зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаад эхэлсэн. Энэ  шийдвэрийн хувьд МИК-д зээлийн багцаа худалдсан зээлд хамаарч байгаа. Тэгэхээр төрөөс санхүүжүүлж, эх үүсвэрийг нь олгосон зээлд хамаарч байгаа учраас банкинд ямар нэгэн хүндрэл үүсэхгүй.
 
-Зээлийн төлөлтийг хойшлуулахаас гадна бодлогын хүүг огцом бууруулах хэрэгтэй гэх шүүмжлэл бий. Тэгэхээр Монголбанкны хувьд бодлогын хүүг дахин бууруулах боломжтой юу?
 
-Бодлогын хүүгийн хувьд Мөнгөний бодлогын хороогоор хэлэлцэж, шийдвэрлэнэ. Тэгэхээр мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдсан тохиолдолд энэ асуудлыг шийдвэрлэнэ. Хүүний түвшний хувьд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн  нөхцөл байдалтай нийцтэй байгаа эсэх нь тусдаа асуудал. Төгрөгийн хүүг бид хэт буулгавал энэ нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр энэ бүхнийг харгалзан үзэх хэрэгтэй. 

А.Энхжин: Ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулахад орлого тасалдсан гэх нотлох баримт шаардахгүй
2020-04-09 08:33:26
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0