Баасан, 2024-11-22
"Нэг минутад хоёр хүн ажилгүй болж байна"

МҮХАҮТ-аас тавдугаар сарын 1-нийг “Ажлын байрны өдөр” болгон зарлаж, “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” цахим жагсаалыг Спортын төв ордны өмнөх талбайд зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл энэ жагсаал олон нийт оролцоогүй бөгөөд COVID-19 халдварын улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгжүүдийн ажлын байрны багаж хэрэгсэл ажилчдынхаа өмнөөс жагслаа. 
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин "Төр, засгаас цаашид эдийн засгийг дэмжсэн арга хэмжээ авахгүй бол бидний тооцооллоор ажилгүйдэл 20 хувьд хүрнэ. Өөрөөр хэлбэл 240 орчим мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ гэсэн үг. Үүний цаана байгаа өрхийн гишүүдийг тооцвол ядуурлын түвшин 50 хувьд орно. Хэрэв нөхцөл байдал иймд хүрвэл улс орны хэмжээнд маш том гамшиг нүүрлэнэ. Вирусийн хор хөнөөл гэж бий. Үүнээс ядуурлын хор хөнөөл илүү. Тийм учраас бусад улс орнууд вирустэй ч онц сайн тэмцэж байна. Мөн эдийн засагтайгаа ч тэмцэж байна. Аль алиныг нь уялдуулж байж бид хямралыг давж чадна. Хувийн хэвшлийнхэн 100 хоног өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан тэслээ. Дэлхийн судалгаагаар хувийн хэвшлийнхэн 28 хоногийн л санхүүгийн нөөцтэй байдаг юм байна. Тэгэхээр хувийн хэвшилтэй хамтдаа төр хүчтэй байж эдийн засгийн эрсдэлийг даван туулах ийм л гарц бидэнд байна. Тийм учраас төр засаг хувийн хэвшлээ зөв ойлгож ажлын байрыг хамгаалахын төлөө эв санаагаа нэгтгэе гэж энэхүү арга хэмжээгээр уриалж байгаа юм" гэв.
 
 
 
МҮХАҮТ-аас гаргасан мэдээллээр одоогийн байдлаар 50 орчим мянган иргэн ажлын байргүй болжээ. Иймээс цар тахлаас эдийн засгаа аврах арга хэмжээг цаашид зөв хэрэгжүүлэхгүй бол ажилгүй иргэдийн тоо нэмэгдсээр ядуурал улам газар авна хэмээн үзлээ. Вирусийн хор хөнөөлөөс илүү эдийн засгийн хор хөнөөл нь гүн гүнзгий хямрал үүсгэдэг. Одоо зөв тооцоо хийн хувийн хэвшлийг төр бодитоор дэмжих хэрэгтэй байна. Хамтдаа эдийн засгийн хямралаа даван туулцгаая гэж МҮХАҮТ-аас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүдэд уриаллаа. Засгийн газарт тавьж байгаа шаардлагад ажлын байрыг хамгаалах, зээлийн нөхцлийг хөнгөвчлөх, 2020 оны төсөвт тодотгол хийж, үргүй зардлыг танан, хувийн хэвшлийг дэмжсэн бодит ажлыг зохион байгуулах саналыг тусгажээ. 
 

 


"Нэг минутад хоёр хүн ажилгүй болж байна"
2020-05-01 15:29:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0