Европын Комисс өчигдөр ЕХ-ны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг улам бэхжүүлэх цогц арга хэмжээгээ албан ёсоор танилцуулжээ. Энэ үеэр тус комисс бохир мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд ирэх 1 жилийн хугацаанд Европын Холбоо дээрх гэмт хэрэгтэй тэмцэх дүрэм журмыг илүү сайн мөрдөх, хянах, зохицуулах тодорхой арга хэмжээнүүдийг тусгасан байна.
Европын Холбооны Мөнгө угаахтай тэмцэх зөвлөмж (AMLD)-ийн дагуу Европын Комисс нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой стратеги дутагдалтай, ийм гэмт хэрэг гарах өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудыг тодорхойлох хууль ёсны үүрэг хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу тус комисс нь тэдгээр улсуудын 2018 оноос хойшхи олон улсын түвшинд гаргасан ахиц дэвшлийг харгалзан "хар жагсаалт"-аа шинэчилсэн байна. Ингээд тус шинэчилсэн жагсаалтад шинээр нэмэгдсэн улсууд нь Багам, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Маврики, Монгол, Мьянмар, Никарагуа, Панама, Зимбабве юм.
Харин “хар жагсаалт”-аас Босни-Герцеговина, Этиоп, Гайана, Лаос, Шри Ланка, Тунис зэрэг улс гарчээ. Ийнхүү “хар жагсаалт”-д орсноор Европын холбооны гишүүн орнуудын банк, санхүүгийн байгууллагууд манай оронтой харилцаж буй үйлчлүүлэгчдийнхээ үйл ажиллагаанд илүү их анхаарал тавьж, хяналтаа нэмэгдүүлж эхэлнэ. Цаашилбал, манай орны бизнес эрхлэгчид Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болох, Европын Холбооны банкууд болон бусад санхүү, татварын фирмүүд бидэнтэй илүү болгоомжтой хандах, үйлчлүүлэгчдээ илүү нарийвчлан судлах шаардлагатай болно гэсэн үг. Мөн Европын улс орнуудад иргэд, ААН-үүд картаар гүйлгээ хийх боломжгүй болж байна.
Монгол Улс хар жагсаалтад орсныг албан ёсоор зарлалаа |
|