Даваа, 2024-11-25
Дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар агшжээ

ОУВС-гийн сүүлийн тооцооллоор Монгол Улсын эдийн засаг энэ онд нэг хувиар агшина гэсэн таамаглал бий. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны мэдээллээр  2020 оны эхний улирлын байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар агшжээ.
Ингэж агшихад уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 269.2  тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 114.9 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ. Тэгэхээр эдийн засгийн агшилтын 2/3  нь уул уурхайгаас, 1/3 нь үйлчилгээний салбарын үйл ажиллагаа зогссоноос шалтгаалжээ. Өнгөрсөн сарын тухайд манай улс 337.8 сая ам.долларын экспорт, 424.8 сая ам.долларын импорт хийсэн. Энэ нь өмнөх гуравдугаар сартай харьцуулахад экспорт 27.4 хувь, импорт 3.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Хэдий тийм ч зарим нэр төрлийн барааны экспорт, импортын гүйцэтгэл өмнөх оны мөн үеэс буурсан байдалтай байна. Цаашлаад эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлөх  гол эрсдэл нь коронавирус хэвээрээ байна. Цар тахал идэвхтэй тархсан хэвээрээ байвал дэлхийн эдийн засгийн өсөлт огцом саарах, эрдэс бүтээгдэхүүний үнэ буурах, улмаар манай улсын гадаад дотоод эрэлт татарч, эдийн засгийн өсөлтийг төсөөллөөс муутгах эрсдэл үүсч болзошгүй. Үүний зэрэгцээ хөл хорионы дэглэм цаашид удаан хугацаанд үргэлжилбэл худалдаа, үйлчилгээ, барилга, боловсруулах, тээврийн салбаруудын үйлдвэрлэл эрс муудах эрсдэлийг үүсгэнэ гэдгийг Төв банкны инфляцын тайланд дурдсан байна. Ер нь бол коронавирусний улмаас эдийн засаг багагүй хэмжээнд агшина гэдгийг оны эхний улирлын байдлаарх статистик харуулсан. Оны эхний улирлын байдлаар улсын нэгдсэн төсвийн орлого 8.6, экспорт 41.5, импорт 9.7, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 19.9, тэр дундаа уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 29.8 хувиар тус тус буурсан. Цаашид ч нөхцөл байдал муудах эрсдэл бий гэдгийг онцолж байгаа билээ. 
 

Дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 10.7 хувиар агшжээ
2020-05-20 10:11:04
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0