Манай улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас албан ёсоор гарчээ. Тодруулбал, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага болох ФАТФ-аас Монгол Улсыг өнгөрсөн онд стратегийн дутагдалтай орны жагсаалтад багтаасан. Ингэснээр хэд хэдэн үүрэг, даалгаврыг өгсөн бөгөөд Засгийн газраас “Саарал жагсаалт”-аас гарах ажлын хэсгийг байгуулан хэд, хэдэн удаагийн тайланг хамгаалсан юм. Хамгийн сүүлд энэ сарын эхээр эцсийн тайлангаа онлайнаар хамгаалсан бол хариу нь өчигдөр орой гарсан байна. Ингэснээр ФАТФ-аас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргаснаа албан ёсоор мэдэгджээ. ФАТФ-ын нарийн бичгийн дарга нарын газраас ирүүлсэн тайланд Монгол Улс гэрийн даалгавраа амжилттай хамгаалсан гэсэн дүгнэлт гарсан байна. Үүнтэй холбоотойгоор ФАТФ-аас манай улсад ирж шалгалт хийх ёстой байсан ч цар тахалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Манай улсад ФАТФ-аас хэд, хэдэн шаардлага тавьсныг бүрэн биелүүлсэн буюу хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн байна. Нэгдүгээрт, санхүүгийн бус бизнесийн салбарынхны хяналт, үйл ажиллагаа хангалтгүй байна гэж ФАТФ дүгнэсэн. Тодруулбал, үнэт металл, үнэт чулуу эрхлэгчид болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт төрийн зохицуулалт хэрэгтэй гэж үзсэн. Үүний дагуу манай улс алт, үнэт металл эрхлэгчдийг бүртгэлжлүүлж, тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болжээ. Мөн хуульч, нотариатчидтай холбоотой бүх зохицуулалтыг тусгай хууль гарган хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Хоёрдугаарт, мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг мөрдөх, прокурорын төвшинд яллах дүгнэлт гаргах ажиллагаа Монголын хувьд учир дутагдалтай гэж үзсэн. Энэ тухайд тодорхой ажлыг хийж байгаа гэдгийг манай хууль, хяналтын байгууллагууд болох АТГ, цагдаагийн байгууллага, прокурор, шүүхийнхэн бүх мэдээллээ өгч, тайлангаа хамгаалсан байна. Монголын төрийн байгууллагууд нягт хамтран ажилласны хүчинд “Саарал жагсаалт”-аас ийнхүү гарч чаджээ. Гуравдугаарт, өнгөрсөн нэгдүгээр сард Бээжинд болсон тайлангийн хурлын үеэр дутагдалтай байна гэж үзсэн нэг зүйл нь НҮБ-ын санкцтай холбоотойгоор авах арга хэмжээнүүд байсан. Үүнийгээ манай улс маш тодорхой болгож, авч хэрэгжүүлж чаджээ. Ингээд үлдсэн гурван асуудлаа манай улс амжилттай хамгаалснаар өнөө өглөө Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Фитч” агентлагаас хэвээр үлдээснээ зарласан байна.
Монгол Улсыг саарал жагсаалтаас хаслаа |
|