Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй макро эдийн засгийн гадаад болон дотоод орчин, эдийн засгийн цаашдын төлөв болон Төв банкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний талаар ярилцлаа.
- Төв банкны гол зорилго үнийн тогтвортой байдлын талаар ярилцлагаа эхэлцгээе. Эдийн засаг агшиж, өрхийн бодит орлого буурч байсан 2016 онд дефляци үүсч, хямрал гүнзгийрсний илрэл болж байсан. Ковид-19-ийн хүндрэлээр инфляц зорилтот 8 хувиас буурч 4 болсон ирсэн нь эрсдэл дахин давтагдах дохио мөн үү?
- 2016 он нэлээд хүнд жил байсан. Зах зээл дээрх итгэлийг тогтворжуулж, бизнесийн идэвхжлийг сэргээхэд Валютын сангийн хөтөлбөр, эдийн засгийг тогтворжуулах бодлогууд чухал нөлөө үзүүлсэн. Эдийн засаг сайжирч, өрхийн орлого нэмэгдэн, хэрэглээ тэлснээр дефляциас гарч байв. Сүүлийн 2 жил гаруйн хугацаанд инфляци Төв банкны зорилтот түвшний орчимд хадгалагдлаа. Одоо харин үнийн түвшний өсөлт саарч инфляци 4 хувь болсон нь эдийн засгийн идэвхжил эргээд суларсныг илтгэж байна. Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг өнгөрсөн 3 болон 4 дүгээр сард тус бүр 1 нэгж хувиар буулгахад инфляцийн цаашдын төлөв чухал байв. Үнийн түвшин өсөх дарамт бага байсан нь хүүг буулгах орон зайг олгосон гэсэн үг. Цаашид дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ, цаг агаарын байдлаас шалтгаалж түр зуурын нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзэл үүсч болох ч, инфляцийн зорилтыг хангах боломжтой.
- Ковид-19 дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж, 2020 онд 170 оронд эдийн засаг агших төсөөллийг олон улсын шинжээчид хийгээд байгаа. Монголын эдийн засаг I улиралд 10.7 хувь агшлаа. Цар тахал, эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ, эдийн засгийг сэргээх жор нь юу вэ?
- Юуны өмнө, Ковид-19-ийн шок ердийн эдийн засгийн хямрал хүндрэлээс үндсээрээ ялгаатай тул эдийн засгийг сэргээх арга нь өөр, ердийн тэлэх бодлого, шийдэл нь биш гэдгийг онцлох нь зүйтэй. Вакцин, эмчилгээ хараахан бий болоогүй үед хөл хорио тогтоох нь вирусээс сэргийлэх арга зам болж, энэ нь олон улс оронд эдийн засгийн үйл ажиллагааг хумьж байна. Хэрэв өвчлөл өргөн тархаж, хүн амын эрүүл мэнд доройтвол эдийн засгийн талаар ярих аргагүй болно. Хөл хорионы үед бол иргэд аж ахуйн нэгжүүдэд мэдрэгдэх “санхүүгийн өвдөлт”-ийг зөөллөх бодлого чухал. Харин эдийн засгийг тэлэх бодлогын орон зайг хадгалах нь вирус намжсаны дараа эдийн засгийг сэргээхэд чухал. Монголын хувьд Ковид-19-ийн шок дараах гол 3 сувгаар дамжин эдийн засгийн эрэлт, нийлүүлэлт талд нөлөөлж байна. Нэгт, дэлхий гадаад орчинтой харилцах эдийн засгийн холбоос, ялангуяа экспортын үнэ, хэмжээн дээр сөрөг нөлөө нь хүчтэй мэдрэгдлээ. Хоёрт, дотоодод халдвар тархахаас сэргийлж зарим бизнес, эдийн засгийн зарим салбарын үйл ажиллагаа хязгаарлагдсан байна. Гуравт, цар тахалтай холбоотой тодорхой бус байдал зах зээлд оролцогчдын ирээдүйн хүлээлт, санхүүгийн шийдвэрт нөлөөлж байна. Шокын сөрөг нөлөөлөл уул уурхай, тээвэр, худалдаа үйлчилгээний салбаруудын бизнест хүчтэй мэдрэгдсэн. Эдгээр салбарт ажиллагсдад хүнд цохилт болсон ч, нэгдүгээр улиралд өрхийн орлого өсөлттэй, хэрэглээ тэлэлттэй байсан. Вирус тархаж бүх нийтийн карантин тогтоосон улсуудтай харьцуулахад манай дотоод эрэлт харьцангуй сайн байгаа нь бодлогын арга хэмжээний үр дүнг илэрхийлж байна гэж харж байна.
-Дэлхий нийтээр эдийн засаг агшсан ийм тохиолдол өмнөх том хямралууд, дайнтай жилүүдийн түүхэнд ч байгаагүй. Онцгой энэ нөхцөл байдлын үед Төв банкнаас ямар арга хэмжээг авч байна вэ?
-Төв банкууд сорилтын энэ үед санхүүгийн зах зээлийг тогтвортой байлгах, зах зээл дээрх хөрвөх чадварыг хадгалах, санхүүжилтийн нөхцөлийг зөөлрүүлэх, улмаар иргэд аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн ачаалал, дарамтыг багасгахад анхаарч байна. Монголбанк Ковид-19-өөс үүдэлтэй шокын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг зорин бодлогын бүх арга хэрэгслээ ашиглаж байна. Төв банк өнгөрсөн 3 сарын хугацаанд дараах 3 бүлэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Эхний ээлжинд банкны системийн хөрвөх чадварыг хадгалах, тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах, зээлд бүтцийн өөрчлөлт хийх актив ангиллын журам дээрх тохиргоо, барьцаат зээлийн хэрэгслийн хүү болон хугацаан дээр таатай өөрчлөлтүүдийг оруулсан. Үүний зэрэгцээ зах зээл дээрх санхүүжилтийн нөхцөлийг зөөллөх зорилгоор бодлогын хүүг бууруулах, хэрэглээний зээл гарах орон зайг өсгөх, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд түр өөрчлөлт оруулсан. Түүнчлэн, өрхүүдийн санхүүгийн хүндрэлийг хөнгөвчлөх, төлбөр тооцоог хялбарчлах зорилгоор хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, цахим гүйлгээний шимтгэлийг бууруулах зэрэг арга хэмжээг авсан. Төв банкны эдгээр арга хэмжээ нь санхүүгийн зах зээл, бодит эдийн засагт аль алинд нь эерэг нөлөөтэй. Харин хүндрэлийн үед нийгмийн зорилтот бүлгүүд, эдийн засгийн ирээдүйд чухал салбар, ажлын байранд чиглэсэн санхүүгийн дэмжлэг, зарцуулалтыг хийхэд сангийн бодлого чухал үүрэгтэй.
-Эдгээр шийдвэр, арга хэмжээнүүдийн эерэг нөлөө эдийн засагт яг хэрхэн тусгалаа олж, иргэд аж ахуйн нэгжүүдэд нөлөөлсөн бэ. Тухайлбал зээл, хүүнд нөлөөтэй байж чадсан уу?
-Онцгой үеийн шийдвэрүүд, ялангуяа зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, зээлд бүтцийн өөрчлөлт хийх боломжийг нээсэн шийдвэрүүдийн нөлөө шууд илэрч байгаа. Тухайлбал, банкууд 500 тэрбум орчим төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэсэн. Мөн коронавирусын нөлөөгөөр эргэн төлөлт нь хүндрэлд орсон 37 мянга гаруй зээлд бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Хүндрэлийн энэ үед банкны систем тогтвортой байж, санхүүгийн зуучлалаа хэвийн үргэлжлүүлж байгаа нь маш чухал. Банкууд өнгөрсөн 4-р сард 1.5 их наяд төгрөгийн зээлийг эдийн засагт нийлүүлснээс 690 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд олгож, бизнесийн зээл жилийн 3.3 хувь өсөлттэй байв. Хүүний хувьд, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн эдийн засгийг сэргээх, тогтворжуулах цогц арга хэмжээ, Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлсний үр дүнд хүү 2019 оны эцэст 16.9 болж, 2011 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч буураад байсан. Төгрөгийн зээлийн хүү эдийн засагт эрсдэл нэмэгдсэн сүүлийн саруудад ч 16 хувь орчимд хадгалагдахын зэрэгцээ буурах хандлага нь үргэлжилж байна.
- Ковид-19-ийн үед хөгжиж буй улс орнуудад ажиглагдаж байгаа нэг зүйл бол ханшийн хүчтэй савлагаа. Түүхий эдийн үнэ унаж, нүүрсний тээвэр саатаж, экспортын орлого 40-50 хувь буурснаар валютын орлого татарсан үед ханшийг тогтвортой байлгах арга зам бий юу?
- Цар тахал эхэлснээс хойш хөгжиж буй эдийн засгуудын экспортын орлого унахын зэрэгцээ түүхэн дээд 100 тэрбум ам.долларын хөрөнгийн урсгал гадагшилж, олон улс орнуудын мөнгөн тэмдэгтийн ханш 10-30 хувь сулраад байна. Төгрөгийн ханш ам.долларын эсрэг оны эхнээс 2.7 хувь суларсан бөгөөд энэ хэмжээний ханшийн тохиргоо зайлшгүй байсан. Бид эдийн засаг сэргэж, суурь үзүүлэлтүүд сайжирсан өнгөрсөн жилүүдэд мөнгөний бодлогын төлөвийг зохистой түвшинд хадгалж, хэт халалтаас сэргийлж, 4.3 тэрбумын валютын нөөц хуримтлуулсан нь огцом шокын энэ үед тус болж байна. Гэхдээ валютын нөөц хязгаартай тул экспортыг нэмэгдүүлэх, валютын орох урсгалыг сайжруулах ажил зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн 4, 5 дугаар саруудад Хятадын эдийн засаг, аж үйлдвэрлэл хүлээлтээс хурдан сайжирч, манай нүүрсний тээвэр сэргэж байгаа нь сайн хэрэг. Төв банк алт худалдан авах замаар нөөцөө нэмэх, экспортлогч компаниудтай хамтран ажиллах, олон улсын байгууллагууд, донор орнуудтай хэлэлцээр хийх замаар валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр маш эрчимтэй ажиллаж байна.
- Таны бодлоор эдийн засаг хэзээ сэргэх вэ. Ковид-19-ийн дараа эдийн засагт, санхүүгийн зах зээлд ямар өөрчлөлт бий болох бол. Бид юуг ойлгож авах ёстой вэ?
- Мэдээж эдийн засагт эрсдэл учруулж байгаа гол шалтгаан болсон вирус хэзээ дарагдахаас бүх зүйл хамаарна. Сорилтын энэ үед санхүүгийн нөөцийг аль болох үр ашигтай зарцуулах шаардлагатай. Энэ нь бодлогын түвшинд ч, аж ахуйн нэгж компаниудын хувьд ч чухал. Айл өрхүүдэд ч бас мөнгийг оновчтой удирдах санхүүгийн мэдлэг боловсрол, эрсдэлийн үеийн хуримтлалтай байхын ач холбогдлыг энэ удаад харуулж байна. Энэ бүхэн дууссаны дараа бизнесийн үйл ажиллагаа, хүмүүсийн ажиллах арга барил, амьдралын хэв маяг урьдын хэвээр байхгүй, эдийн засагт томоохон бүтцийн өөрчлөлт бий болно байх. Байгаль орчинд илүү ээлтэй хөгжлийн загвар, тэгш бус байдлыг бууруулахад илүү анхаарсан бодлого, улс орнуудын хамтын ажиллагаа, илүү найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээ гэх мэт өөрчлөлтүүд дэлхийн эдийн засагт шаардлагатай нь харагдаж байна. Гэхдээ протекционист бодлогууд газар авч, дэлхийн худалдаа саарах эрсдэл ч бий. Эерэг, сөрөг аль ч өөрчлөлт гарсан тохиолдолд эдийн засагт оролцогчид өмнөх зан төлөвөө хадгалахгүй л болов уу. Санхүүгийн зах зээл дээр бол бэлэн мөнгөнөөс татгалзаж цахим гүйлгээ рүү хурдтай шилжих, технологи болон финтекийн хөгжил, тогтвортой санхүүжилт зэрэг сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа процессийг улам хурдасгах болов уу.
Б.Лхагвасүрэн: Хөл хорионы үед “санхүүгийн өвдөлт”-ийг зөөллөх бодлого чухал |
|