Даваа, 2024-11-25
“Монгол шуудан”-гаар дамжуулан олон улсын мөнгөн гуйвуулга хийх боломжтой боллоо

“Монгол шуудан” ХХК, “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллага хамтран дэлхийн 160 гаруй орны шуудангийн 400 мянга гаруй салбараас мөнгө хүлээн авах, гуйвуулж шилжүүлэх олон улсын мөнгөн гуйвуулга үйлчилгээг нэвтрүүллээ.
 
Монгол Улсад шуудангийн байгууллага дангаараа санхүүгийн үйлчилгээ үзүүлэх хууль эрх зүйн боломжгүй тул “Монгол шуудан” компани, “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллагатай хамтран олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг үзүүлэх эрхтэй боллоо.
 
Дэлхийн санхүүгийн байгууллагын 400.000 салбарт дөрвөн тэрбум хүний төлбөр тооцооны дэд бүтцээр холбогддог "Eurogiro" байгууллагын "Санхүүгийн супермаркет" системд холбогдож,Postalpay буюу шуудангийн мөнгөн гуйвуулгын үйлчилгээг эх орондоо нэвтрүүлж байна.
 
Тус үйл ажиллагааны нээлтийн ёслол энэ сарын 2-нд болсон бөгөөд энэ үеэр “Монгол шуудан” ХХК захирал Б. Анхбаатараас дараах асуултыг тодрууллаа.
 
-Шуудангаар олон улсын мөнгөн гуйвуулга хийхийн давуу тал нь юу вэ?
 
-Зөвхөн банкаар мөнгөн гуйвуулга хийж цаг алдалгүй шуудангийн салбараар хийх боломж бүрдэж байна. БНСУ-д шуудангийн 5000 гаруй салбар байдаг. Тус улсад ажиллаж амьдарч байгаа манай улсын иргэд ямар нэг байгууллага хайж цаг алдалгүй өөрт хамгийн ойр шуудангийн салбарт очоод бүх аймаг, сумд руу түргэн шуурхай, найдвартай мөн хамгийн хямд өртгөөр мөнгө гуйвуулах боломжтой.
 
-Уг үйлчилгээг эхлүүлэхэд хэр хугацаа шаардсан бэ?
 
-Дэлхийн шуудан холбооны 198 гишүүн байдаг энэхүү орнуудын 90 орчим хувь нь санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг. Бид Монгол Улсад санхүүгийн үйлчилгээ эхлүүлэхээр маш олон жил яриа хэлэлцээр хийсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бодитой ажил хэрэг болгоод энэ үйлчилгээг нэвтрүүлж байгаа. 2021 онд бүх улс орон руу нэвтрүүлэх боломжтой хэмээн үзэж байна.
 
“Ард кредит” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэнээс дараах асуултыг тодрууллаа.
 
-Мөнгөн гуйвуулга хийхэд хэдэн төгрөгийн шимтгэл авах вэ. Хэр хэмжээний мөнгө гуйвуулах боломжтой вэ?
 
-Эхний ээлжид БНСУ-тай хоёр талын үйлчилгээг нэвтрүүлсэн . Солонгос улсаас 20 мянган ам.доллар хүртэлх мөнгөн гуйвуулга хийх бололцоотой. Харин Солонгос улсруу шилжүүлэг хийхдээ 5000 ам.доллар хүртэлх гүйлгээ хийж болно.20 мянган доллар буюу 50-60 сая төгрөг шилжүүлээд 12000 төгрөгийн шимтгэл төлнө. Бид дараа дараагийн улс орнуудын шимтгэл бага байх тал дээр анхаарч ажиллана.Мөн нэг талын үйлчилгээнд Европын холбооны улс орнууд болох Англи, АНУ, Австрали гэх мэт улсаас мөнгө гуйвуулгын салбар агентууд дээр очоод мөнгөө шилжүүлэхэд бүрэн бололцоотой. Үүнд өнөөдрийн байдлаар 40-өөд улс орон багтаад байна.
 
-“Саарал жагсаалт”-ад орсонтой холбоотой ямар нэг хязгаарлалт бий юу?
 
-Манай улс “Саарал жагсаалт”-аас гарах бүрэн боломж бүрдсэн. Зөвхөн гүйлгээн дээр тавьдаг хяналт, харилцагчдын талаарх мэдээлэл авах, харилцагчаа таних, хууль эрх зүйн нөхцөлийг өндөр түвшинд хангах шаардлага үүссэн. Үүнийг бид одоо байгаа нөхцөл байдалтайгаа уялдуулан харилцагчдын мэдээллийг бүрэн хангаж ажиллана. Тэр ч утгаараа харилцагчид маань заавал биеийн байцаалтаа авч ирэх шаардлагатай. Бид тухайн хүний мэдээллийг бүрэн авч үйлчилгээгээ нэвтрүүлж байгаа.
 
Эх сурвалж: Ikon.mn

“Монгол шуудан”-гаар дамжуулан олон улсын мөнгөн гуйвуулга хийх боломжтой боллоо
2020-10-06 12:35:44
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0