Бямба, 2024-11-23
Ч.Хүрэлбаатарын ярьсан ба дэлхийн судалгаа

Т.САЙХАН, Б.ДОЛЖИН
 
Цар тахлын нөхцөл байдал хүндхэн байна.  ЭМЯ-ны өчигдрийн мэдээллээр манай улсын халдварын  тоо 1350-д хүрчээ.  Мөн COVID-19-ийн халдвараар өнгөрсөн хугацаанд дөрвөн иргэн нас барсан.  Одоогоор нийслэлд 20 гаруй голомт үүссэн, орон нутагт ч хэд хэдэн газар шинээр бүртгэгдээд байна.   Ийнхүү тааруухан мэдээллүүд “хөвөрсөөр” байна. Цаашид ч халдварын тоо нэмэгдэнэ гэсэн үг. Олон нийт халдвар хамгааллын дэглэмээ барихын зэрэгцээ вакцины асуудалд онцгой анхаарч буй нь ойлгомжтой.    Төр засгийн зүгээс ч  янз бүрийн амлалт өгсөөр байгаа. Эмхлэн байгуулагдаад удаагүй байгаа  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар вакциныг 100 хоногийн дотор оруулж ирэхээ мэдэгдсэн.  Гэхдээ вакцины асуудал тийм ч амар зүйл биш гэдгийг ДЭМБ-ын мэдэгдэл, болон ДЭМБ-ын хүлээн зөвшөөрдөг Английн “The Economist” сэтгүүлийн судалгаа харуулж байна.  Мөн  эл судалгаанаас харахад өмнөх Засгийн газрын Сангийн сайд, вакцин оруулж ирэх Ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар худлаа ярьж байсан нь нотлогдож байгаа юм. 
 
2020.11.19-ний УИХ-ын чуулган үеэр. Сан­гийн сайд Ч.Хүрэл­баатар “Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гурван чиглэ­лээр эрчимтэй ажиллаж байна.
 
Нэгдүгээрт, олон улсын байгууллагуудтай харилцаж байна. Үүний нэг нь COVAX хөтөлбөр, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг банк, санхүүгийн байгууллагуудтай гэрээ хэлцэл хийж байна.
 
Хоёрдугаарт, улс орнуудтай вакцины чиглэлээр хамтран ажиллаж байна.
 
Гуравдугаарт, вакцин бүтээгчидтэй холбогдож, гэрээ хэлцэл хийж байгаа. Одоогоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Ажлын хэсэг заримтай нь нууцын гэрээгээр ажиллаж байгаа учраас бүгдийг хэлэх боломжгүй. Энэ жилийн төсөвт 31 тэрбум төгрөг, ирэх жил 24 тэрбум төгрөг вакцинд тусгасан байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн Эрсдэлийн сан гэж байгаа. Вакцины хувьд ийм хоёр эх үүсвэр бий. Дээрээс нь Дэлхийн банкинд хандаж байна. Вакцины хүрээнд тусалж байсан газруудаа харлуулмааргүй байна. Дэлхийн ядуу буурай орнуудад вакцин түрүүлж авах боломжийг хангах цорын ганц хөтөлбөр бол КОВАКС юм. Үүнийг хэд хэдэн байгууллага санаачлан байгуулсны нэг нь Дэлхийн банк. Вакцины төлбөрөө хэн нь түрүүлж төлсөн нь вакцинаа эхэлж авна. Тиймээс Дэлхийн банканд хандаж вакцин авах арга замыг дөтлөх зорилгоор хүсэлт тавьсан гэжээ. Мөн “Вакциныг нийт хүн амынхаа 60 хувьд хийх төлөвлөгөө гаргасан. Эхний ээлжинд 20 хувьд буюу эрүүл мэндийн салбар, цар тахалтай нүүр тулан ажиллаж байгаа хүмүүсийг хамруулна. Үүнд нэг хүнд хоёр тун буюу дөрвөн ам.доллар зарцуулна. Дараагийн ээлжинд нэг хүнд 10 ам.доллар зарцуулна. Вакцин шинээр гарч олон үе шатыг алгасаж байгаа тул бид хүүхдүүдийг хамруулахгүй гэсэн бодлого барина. Мөнгөндөө асуудал биш, богино хугацаанд вакцинд хамрагдах нь чухал” гэжээ.  Ч.Хүрэлбаатарын ахалсан ажлын хэсгийнхэн энэ оны нэгдүгээр улиралд багтан вакцинжуулах ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байсан билээ.
 
 
МОНГОЛ УЛС 2022 ОНЫ СҮҮЛЭЭР COVID-19 ЭСРЭГ ВАКЦИН ХҮЛЭЭН АВНА
 
Тэгвэл  Английн “The Economist” сэтгүүлийн судалгаанаас арай өөр дүр зураг харагдаж байна.  Судалгааг тоймлон хүргэе. Цар тахлын эсрэг вакцинтай боллоо хэмээн дэлхий нийтээрээ баярлаж, халдварыг дарах бүх итгэл найдвараа вакцинд даатгасан. Англи, Америкаас эхлээд өндөр хөгжилтэй орнууд өөрийн орондоо үйлдвэрлэсэн болон бусад оронд үйлдвэрлэсэн вакциныг худалдаж аваад хэдийнэ иргэдээ вакцинжуулаад эхэлсэн. Гэхдээ вакцин бэлэн болсон ч ядуу орнуудад хүртээлгүй гэсэн муу мэдээг ДЭМБ-ын тэргүүн дуулгасан нь тун цочирдмоор байлаа. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус “Ядуу үндэстнүүдийн эмзэг бүлгийн хүмүүсээс өмнө баян орнуудын эрүүл, залуу хүмүүс вакцинд хамрагдаж байгаа нь шударга бус зүйл. Шулуухан хэлэхэд бид ёс суртахууны сүйрлийн ирмэг дээр ирлээ.  Үүнийг ядуу орны иргэд амь насаараа төлнө. “Би хамгийн түрүүнд” гэсэн баян орнуудын хувиа хичээсэн хандлага вакцины үнийг нэмэгдүүлэх болно. Энэ нь нийгэм, эдийн засгийн асуудал, хөл хорио болон цар тахлын үргэлжлэх хугацааг уртасгаж болзошгүй юм” гэж мэдэгдэв. Энэ сарын нэгний байдлаар дэлхий дахинаа 80.2 сая тун вакцин түгээсний ихэнх хувийг Англи, Америк, Хятад, Израйль болон Европын холбооны улсууд эзэлж байна. Өндөр орлоготой орнууд дэлхийн хүн амын ердөө 16 хувийг эзэлдэг боловч цар тахлын эсрэг вакцины 60 хувийг худалдаж авчээ. Үүний үр дүнд хөгжиж буй болон ядуу орнууд 2023 оны эхэн үеэс өмнө вакцинаа хүлээн авахгүй гэсэн судалгааг Английн алдарт “The Economist” сэтгүүл танилцууллаа. Үүнд Монгол Улсыг 2022 оны сүүлэээр гэхэд хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна хэмээн тооцоолсон байна.
 
 
 
“БАЯН ОРНУУДАД Ч ВАКЦИНЫ ХАНГАМЖИЙН АСУУДАЛ ТУЛГАРЛАА”
 
Гэхдээ вакцины тэгш хуваарилалтыг хангах зорилгоор “Covax” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн хамгийн ядуу орнуудад  энэ оны сүүлээр гэхэд хоёр тэрбум тун вакцины тусламжийг үзүүлэхээр болсон. Энэ хөтөлбөр нь өндөр орлого орнуудын тусламжийн сан, ядуу орнуудад дэмжлэг үзүүлэхийн тулд хөрөнгө босгох гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Тодорхой тооны вакциныг үйлдвэрлэгчдээс худалдан авна гэж амласан улсууд энэ хөтөлбөрт нэгдэснээр “Covax”-т бүртгэлтэй вакцинаас хямд үнээр авах боломжтой юм. Өнөөдрийн байдлаар 190 орон үүнд нэгдсэний дотор баян орнууд ч багтжээ. Энэ талаар профессор Лоуренс Гостин “Баян орнууд хоёр шалтгаанаар энэ хөтөлбөрт нэгдсэн. Эхнийх нь тэд дэлхийд сайн нэр хүндтэй орон гэдгээ батлах. Хоёрдугаарт, вакцины тунгаас булаах сонирхол юм. Учир нь өөрийн улсын иргэдээ нэгдүгээрт тавих нь Засгийн газрын ёс зүй болон улс төрийн үүрэг юм. Тиймээс баян орнууд бусад орнуудад вакцин хандивлана гэдэг хэцүү зүйл” гэж ярьжээ.
 
Энэ оны эхний хагас гэхэд “Covax” хөтөлбөр 100 сая тун вакциныг түгээхээр төлөвлөсөн. Гэтэл вакцин үйлдвэрлэлийн явц удааширснаас баян орнууд ч түрүүлж захиалсан вакцинаа хүлээн авч чадахгүйд хүрээд байна. Тухайлбал, манай улсын 1.8 сая тунг захиалах гэж байгаа  “Pfizer”, 2.3 сая тунг захиалах гэж байгаа “Moderna”  вакцины хоёр дахь тунг тарих хугацааг Англи улс 12 долоо хоногоор хойшлууллаа. Тус улсын хувьд эрсдэлт бүлгийн иргэдээ вакцины эхний тунд хамруулсан бөгөөд 21 хоногийн дараа хоёр дахь тунг тарих ёстой. Гэвч вакцины нийлүүлэлтээс шалтгаалан хугацааг хойшлуулжээ. Энэ талаар Английн эмийн холбооны доктор Чаанд Нагпаул  “Англи гэлтгүй дэлхийн олон орон COVID-19-ийн эсрэг вакцины хангамж гэсэн асуудалтай тулгарлаа. Улс бүр бүх хүн амаа халдвараас хамгаалахыг хүсч байна. Тиймээс ийм шийдвэр гаргалаа” гэж ярьжээ. Тэгэхээр өөрийн орны иргэдээ бүрэн гүйцэд хамруулж амжаагүй байгаа Англи улс бусад оронд вакцинаа хандивлах боломжгүй. Мөн халдварын эсрэг 95 хувийн үр дүн үзүүлсэн энэ вакциныг -70 градуст хадгалах ёстой.
 
Яаралтайгаар ашиглах анхны зөвшөөрлийг олгосон вакцины талаар ДЭМБ “Pfizer-BioNTech компанийн хамтарсан COVID-19 эсрэг вакцин нь аюулгүй, үр дүнтэй гэдэг нь батлагдсан. Гэхдээ хүнд хэлбэрийн харшилтай хүн, жирэмсэн эмэгтэй, 16-аас доош насны хүүхдүүдийг тариулахгүй байхыг зөвлөж байна. Хөхүүл эмэгтэй вакцинд хамрагдаж болох ч дараа нь хүүхдээ хөхөөрөө хооллож болохгүй” гэв.
 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Moderna”  вакциныг архаг, хууч өвчин нь хүндэрсэн ахмад настан болон  18-аас доош насны хүүхдэд тарьж болохгүй гэж зөвлөжээ. Энэ талаар ДЭМБ “Moderna” вакцин нь 92 хувийн үр дүн үзүүлсэн боловч халдвараас урьдчилан сэргийлэх болон хамгаалах эсэхийг бид мэдэхгүй. Мөн хэдий хугацаанд дархлаа тогтоох нь тодорхой болоогүй” гэв. Хэвийн градуст хадгалах боломжтойгоороо давуу талтай, манай улс 2.5 сая тунг захиалсан  “AstraZeneca”-гийн вакцин 62 хувийн үр дүн үзүүлсэн.  Гэвч Герман улс Оксфордын их сургууль болон “AstraZeneca” компанийн хамтарсан энэ вакцинд 65-аас дээш наснынхныг хамруулахыг хориглоод байна. Дэлхийн аль ч оронд ашиглаж байгаа вакцин халдвараас хэдий хугацаагаар хамгаалдаг, урьдчилан сэргийлж чадах эсэх, хүний биед ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг одоогоор батлаагүй байна.
 
 
 
ЭНЭТХЭГЭЭС ИРЭХ ТУСЛАМЖИЙН ВАКЦИНД ИТГЭЖ БОЛОХ УУ
 
 Энэтхэг улс дотооддоо үйлдвэрлэсэн COVID-19-ийн эсрэг дөрвөн сая тун вакциныг манай улсад нийлүүлэх боломжтой гэдгийг нэгдүгээр сарын 18-нд зарласан. Мөн  тус улс Монгол руу 150 мянган тун “Covishield”  вакцин илгээнэ гэж “Times of India” энэ сарын 1-нд  мэдээллээ. Энэтхэгийн тухайд “Covaxin”, “Covishield” гэсэн хоёр вакциныг яаралтай горимоор ашиглах журам батлан иргэдээ хамруулж эхэлсэн.  “Covishield”  нь 62 хувийн үр дүн үзүүлсэн боловч сүүлийн шатны туршилт нь бүрэн дуусаагүй, ДЭМБ-аас зөвшөөрөл олгоогүй учир цар тахлаас бүрэн дүүрэн хамгаалах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.   Түүнчлэн  “Covishield”   вакциныг тариулсан хоёр хүн нас барсныг “Aljazeera” мэдээлсэн. Гэвч  Энэтхэгийн Засгийн газар өвчтнүүдийг зүрхний өвчний улмаас нас барсан гэсэн тайлбар өгсөн байна.   Тэгэхээр Энэтхэгээс ирэх тусламжийн вакцин эргэлзээтэй юм.
 
Дараагийн нэг хувилбар нь цар тахлын эсрэг дэлхийн хамгийн анхны вакцин хэмээн зарлаж байсан ОХУ-ын Спутник V вакцин. 92 хувийн үр дүнтэй дархлаа тогтоосон болохыг “The Lancet” сэтгүүл энэ сарын 2-нд зарлалаа. Ингэснээр Спутник V нь гуравдугаар шатны туршилтын үр дүнгээ олон улсын тэргүүлэх зэрэглэлийн анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн дөрөв дэх вакцин болж байна. Өмнө нь Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca компаниуд туршилтын үр дүнгээ нийтлүүлсэн юм.
 
Шинэ Засгийн газраас 100 хоногт багтаан вакцин оруулж ирнэ гэж мэдэгдсэн.  Тэгэхээр аливаа вакцины хөтөлбөр, тусламж, цаг хугацааг харж суухгүйгээр төсөвтөө тодотгол хийж, вакцин худалдан мөнгөө суулгаж вакцинжуулах нь зөв гарц байж болох юм.  Түүнээс биш  Сангийн сайд асан  Ч.Хүрэлбаатарын хэлдгээр, түүний яриад байгааг үргэлжлүүлэх нь үр дүнгүй гэдэг нь дээр судалгаанаас харагдаж байна.
 
ЭКСПЕРТИЙН ҮГ
 
Д.Наранжаргал: Энэтхэгийн вакциныг ДЭМБ батлаагүй
 
Оном сангийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор
 
-Энэтхэгийн вакциныг ДЭМБ одоохондоо батлаагүй. Гэхдээ Англи, Европын эмийн агентлагууд баталчихсан. Үр дүнг нь 60 хувь гэж тооцож байгаа. Тиймээс ДЭМБ батлах нь ойлгомжтой.  18-55 насны хүмүүст сайн үр дүнтэй гэдэг нь харагдаж байна. Үнийн хувьд хямд, манайд байдаг хүйтэн хэлхээг ашиглах боломжтой тул манай улсад тохиромжтой гэж харж байна. Энэтхэгийн мэдээллийн сайтууд дээр Монгол руу тусламжаар 150 мянган тун вакцин явуулна гэж бичсэн байна. Манай улсын нэмж захиалсан нэг сая тун вакцины хүргэлтийг хэзээ хийх нь тодорхойгүй байгаа. Түрүүлж ирэх 150 мянган тун вакциныг өндөр эрсдэлтэй бүлэг болох эмч, эрүүл мэндийн ажилтнуудаа хамруулах болов уу гэж таамаглаж байна.
 
Ж.Амарсанаа:  Энэтхэгийн вакцин сайндаа ч орохгүй, муудаа ч орохгүй
 
Хүний их эмч
 
-Англи улсын “АстраЗенека” вакцины Энэтхэг улсад үйлдвэрлэснээс нь бид авах гэж байна. Вакцины үр дүн боломжийн. Сайндаа ч орохгүй, бас муудаа ч орохгүй. Гаж нөлөө харьцангуй бага. Хөргөгчний хэмд хадгална. Бусад нь -70-80 хэмд хадгална гэж байгаа нь манайх шиг гүн хөлдөөгч цөөхөнтэй оронд төвөгтэй. Хэрэглэх дозоосоо хамаараад, үр дүн нь 70-90 хувь юм билээ. Эмч хүний хувьд энэ вакциныг таатайгаар хүлээн авч байна.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Ч.Хүрэлбаатарын ярьсан ба дэлхийн судалгаа
2021-02-04 11:45:33
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0