Бямба, 2024-11-23
Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй

Цаг үе бүхэн өөрийн асуудал бэрхшээлтэй, түүнийг давах, шийдвэрлэх бодлогыг цаг үеийн манлайлагчид нь дэвшүүлж хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Энэ цагийн хямрал, бэрхшээлийг давах Ерөнхий сайд, Засгийн газрын шийдэл нь ШИНЭ СЭРГЭЛТИЙН ХУУЛЬ, ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО юм.
 
Гэвч зоримог, шинэлэг шийдлүүд хуучинсаг үзэл, үхширмэл хандлагатай мөргөлддөг жамын дагуу Шинэ сэргэлтийн хуулийг саармагжуулах, болж өгвөл батлуулчихгүй байх сонирхолтой бүлэглэл УИХ дотор үүсэн бүрэлдэж байгаа ажээ.
 
Грекийн мэргэн Хераклит “Өөрчлөлт бол оршихуйн цор ганц нөхцөл” гэж сургасан. Эртнээс эдүгээг хүртэл амьд бодгал, нийгмийн байгууламжуудаас өөрчлөгдөн буй нөхцөлдөө зохицон өөрчлөлт шинэчлэлт хийснүүд нь тэсэж үлдсэн билээ. Цар тахлаар үүсэн бий болсон нэн хямралт нөхцөл нь биднээс дорвитой өөрчлөлт буюу эрс шинэчлэлийг шаардаж байгаа юм. Шаардлагатай өөрчлөлтийг хийж байж л сэргэлт ирнэ. Айж хулмалзвал, хуучинтайгаа зууралдаж өөрчлөлтөөс цааргалбал цаг хугацаа биднийг өршөөхгүй.
 
 Шинэ сэргэлтийн хуулийн хэрэгцээ, шаардлага юунд юм бэ?
 
 Цар тахлын улмаас Монгол улсын энэ жилийн төлөвлөсөн орлого 50 хувиар тасалдлаа. Экспорт, импортын хэмжээ саарч, гацаа үүсэв. Тээвэрлэлтийн нөхцөл муудах, халдварын тархалтаас эмээх зэрэг хүчин зүйлээс шууд шалтгаалан дэлхий даяарт бараа солилцоо, холболтын хурд саарч гацаа үүсгэж байгаа. Улс орон бүрд янз бүрээр илэрч байгаа ч бүхэлдээ бол хаагдмал боогдмол нөхцөл удаан хугацаагаар үүсэж, жам ёсны хөгжлийг боомилж байгаа гэсэн дүр зураг л харагдна.  
 
 Ертөнц даяар тусгаарлалт, цар тахлын айдсаас үүдэн хаагдмал, боогдмол нөхцөл үүссэн нь байгал, нийгмийн жам хуулиар нээлттэй байдлыг бий болгож байж л цааш орших шаардлагыг үүсгэж байгаа юм. Аливаа хаалттай тогтолцоо нь өөрийгөө мөхөөх, нийгмийн боломжийг шавхан барах зүй тогтолтой байдаг. Аль болох нээлттэй, чөлөөтэй байж гэмээ нь солилцоо явагдаж, эргэлт хурдсаж улмаар сэргэлт ирдэг жамтай.
 
 Энэ зүй тогтол, жамыг шинэ үеийнхэн хурцаар мэдэрч, даван туулах шийдлийг санал болгож байгааг үжирсэн улс төр тэвчихгүй, уламжлалт аргаараа боомилохыг завдан байна. Цар тахалтай хүч хавсрахаар санаархаж буй хуучинсаг хүчинд боломж олгож огт болохгүй.
 
 Шинэ сэргэлтийн төлөө юу хийх вэ?
 
 Дараахь өөрчлөлтийг хийхээр зорьж байгаа аж.
 
Өргөн хэрэглээний барааны НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувь байгааг 100% болгох.
Нэмэгдсэн өртгийн албан татварыг анх далд эдийн засгийг ил болгох, орлогыг бүрэн бүртгэх агуулгаар Францын татварын албаны дарга Морис Лауре санаачилжээ. Германы үйлдвэрлэгч Вильгельм фон Сименс энэ татварыг бий болгохыг 1918 онд санал болгож байсан юм. Гэвч 1954 онд Франц улс анхлан хэрэгжүүлэхээр шийдэж, ингэхдээ өөрийн колони улс байсан Зааны ясан эрэгт туршжээ. Дөрвөн жилийн туршилтын явцад НӨАТ-аа буцааж авахын тулд хэрэглэгчид, худалдан авагчид борлуулалтын тасалбараа нэхдэг, бүртгүүлдэг болсноор татварын суурь эрс нэмэгджээ. Туршилт амжилттай болсон тул францчууд 1958 оноос өөрийн улсад нэвтрүүлсэн байна. Гол агуулга нь үйлчлүүлэгч, худалдан авагчдын тусламжтайгаар бизнес эрхлэгчдийн орлогыг бүрэн бүртгэж авах байсан юм. Хэрэглэгчдийн шахалтыг буцаан авах 10 хувь бий болгодог учиртай. Гэтэл манай улсад энэ татварын агуулгыг орхигдуулж, шагнал, азын сугалаа болгож орхисон учраас одоо захууд дээр, жижиг дэлгүүрт НӨАТ-ын бүртгэл хийгдэхгүй, хийдсээр байна.
 
Үүнийг бичигч Чингэлтэй дүүрэгт орших нэгэн гутлын дэлгүүрээс 250 мянган төгрөгийн үнэтэй гутал худалдан авбал НӨАТ-ыг тусгаагүй тасалбар өгөв. Асуувал худалдагч нь “Тэгвэл та 25 мянган төгрөг нэмж төлөх хэрэгтэй” гэсэн эелдэг зөвлөмж өгч байна. Худалдан авагч тэр мөчид ямар сонголт хийх вэ? Улирлын эцэст 2 хувийн буцаан олголт нэртэй урамшуулал  авах уу, одоо 10 хувийн хөнгөлөлт эдлэх үү?
 
Орлогыг бүрэн бүртгэх үндсэн утгаа алдсан учраас НӨАТ-ын 2 хувийн буцаалт нь худалдаанд гажуудал, тэнцвэргүй байдал, тэгш бус өрсөлдөөн үүсгэж байгаа юм. Үндэсний үйлдвэрлэл сэргэхгүй, борлуулалт нь өсөхгүй байгаагийн нэг шалтгаан бол тэд НӨАТ-ыг яалт ч үгүй үнэдээ тусгах шахалттай. Харин импортоор жижиг хэмжээгээр орж ирж байгаа наймаачдын бараанд НӨАТ, орлогын албан татвар бусад шимтгэл огт тусгагддахгүй. Ингэснээр хатуу бүртгэл хяналтад оршдог үндэсний үйлдвэрлэгч хямд үнийн цохилтод орж, хэрэглэгч “үндэсний юм учраас үнэтэй авах хүсэлгүй” тул орхино.
 
Арван хувийн НӨАТ-ыг бүрэн буцаах эсвэл 5 хувь болгож бууруулаад 3 хувийг буцаан олгох хувилбар байж болно. 2 хувь нь бүртгэл, буцаан олголтод гарах зардлыг нөхөх юм. 
 
Тансаг хэрэглээний НӨАТ-ыг ихэсгэх
Тансаг хэрэглээ гэдэг нь ерөнхий утгаараа бол заавал байх хэрэглээ биш гэсэн үг. Илүүц хэрэглээ, ахисан түвшний хэрэгцээ. Хүртээмжтэй эдийн засгийг бий болгохын тулд төлбөрийн чадвартай хэсгээс ахиу татвар авч, нийгмийн зардлуудыг хаах, ядуу хэсгийг дэмжих зорилготой татвар нь тансаг хэрэглээнд оногдуулах НӨАТ юм.
 
Индонез улс хямралын нөхцөлд эдийн засгийн өсөлтөө хадгалж чадсан нэг амжилт нь тансаг хэрэглээнд өндөр татвар тогтоосноос шалтгаалжээ. Импортын өндөр үнэтэй тансаг электрон бараа, гар утас, компьютер, зурагтад 10 хувь, тансаг зэрэглэлийн хөгжмийн зэмсэг, орон сууц, үнэртэй усанд 20 хувь, далбаат онгоц, тансаг автомашин, үнэт эрдэнийн чулуу, зүүлт худалдан авахад 75 хувийн татвар ногдуулснаар гадаад худалдааны алдагдал багасгаж, үндэсний үйлдвэрлэл сэргэжээ.
 
АНУ, Герман, Франц улсууд Тансаг хэрэглээний татварын хуулийг илүү нарийвчлалтай боловсруулснаар, эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлж байгаа туршлагаас санаа авсан улсууд тансаг хэрэглээний татвараа нэмэх болоод байна. Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийн гол хөшүүрэг нь баян хэсгээс их татвар авч, хуримтлалаар нь ажлын байр бий болгох, боловсролын чанарыг дээшлүүлэхэд зориулах юм.
 
Sin tax буюу архи, тамхи, чихэр зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүний импортын татварыг Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих байдлаар тогтоох.
Эрүүл аж төрөх ёсыг бодитоор дэмжиж, бий болсон хуримтлалаар нь эрүүл мэндийн салбар, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих юм. Эрүүл мэндэд таагүй зүйлс хэрэглэхийг эдийн засгийн аргаар хязгаарлах нь ухуулга, хориг зэргээс илүү үр дүнтэй нь амьдрал дээр тогтоогдсон үнэн билээ.
 
Төрөөс олгодог зөвшөөрөл, төрийн хяналт шалгалтыг эрс багасгах, хөнгөвчлөх
Төрөөс олгох зөвшөөрөл олон байх тусам хүнд суртал, авлигад таатай хөрс болдог зүй тогтолтой. Төр зөвшөөрлөө цөөлөх, өгсөн зөвшөөрлөө хамгаалах чиглэлд өөрчлөгдөх нь авлигыг сууриар нь алга болгох шилдэг арга юм. Зөвшөөрөл олгодог төрийн байгуулгууд дарамталдаг, хорьдог шахдаг хандлагаа өөрчилж, зөвлөн туслах чиг үүрэгтэй болно.
 
Төрөөс хувийн хэвшлүүдтэй өрсөлдөхгүй байх
Сайн төрийн үүрэг нь иргэддээ өсөлт, хөгжлийн боломж олгох юм. Санхүү, эдийн засгийн өсөлт нь нийгмийн бусад өсөлтийн суурь учраас улсынхаа хамгийн баян, хамгийн боломжтой субъектын хувьд Төрөөс хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх нь тэнцвэргүй байдлыг бий болгож, өрсөлдөх чадварыг үгүй хийж байдаг. Хувийн хэвшил эрсдлээ тооцоод, чадвартаа тулгуурлаад өрсөлдөөнд оролцох боломжийг Төр хангах, зохицуулах үүрэгтэйгээр л бизнест оролцох болно.
 
Эрх бүхий байгууллагын үйлчилгээг нэг цонхоор үзүүлэх.
Үйлдвэлэл, үйлчилгээ, худалдааны газар нээхийн тулд олон газраас, олон албан тушаалтнаас зөвшөөрөл авах, хяналт шалгалтын байнгын дарамтад байх нь иргэдийн бизнес хийх эрмэлзлэлийг мөхөөж байна. Иргэд эрсдэл хийхээр зориглоод ажлын байр бий болгох, бизнес хийхээр шийдсэн бол шаардлагатай төрийн үйлчилгээ, зөвшөөрлийг нэг цонхоор олгох, цахимжуулах нь хүнд суртал, авилгыг устгах шилдэг шийдэл юм. Шинэ сэргэлтийн хуулийн дагуу иргэн аж ахуйн нэгж байгуулах хүсэлтээ гаргавал, Төрийн зүгээс бүрдүүлэх ёстой материалуудыг нь бүрдүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Хэрэв 3 хоногийн дотор Төр бүрдүүлж чадаагүй бол бизнес автоматаар нээгдэх журамд шилжнэ.
 
Лиценз, тусгай зөвшөөрлийг Төрөөс олгохдоо бүх шатны зөвшөөрлийн хамтаар олгодог болно.
Учир нь салбарын яам, төрөөс зөвшөөрөл авчихсан байхад аймаг, сум, орон нутагт нэмэлт зөвшөөрөл нэхэж гацаадаг, дарамталдаг өнөөгийн нөхцөл нь авлига, хахууль нэхэх, өгөх нөхцлийг өөгшүүлж байгаагаас өөр тус алга.
 
Эдийн засгийн тэргүүлэх 6 чиглэлд тусгайлан дэмжлэг өгөх.
Аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, мэдээллийн технологи, уул уурхай, тээвэр логистик, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарыг Төрөөс тусгайлсан бодлогоор дэмжинэ. Эдийн засгийг олон тулгууртай болгож, экспортын орлогыг эргс өсгөхийн тулд ингэхээс өөр арга байхгүй. Үр дүнд нь төрийн унших маань нь экспорт – экспорт - экспорт болох ёстой. Экспортын орлого нь импортоос хэдэн зуу дахин давж байж улсын хөгжил дээшилж, иргэдийн амьдрал төвширдөг үнэнийг одоо бүрэн хүлээн зөвшөөрөх ёстой.
 
Төрийн өмчит үйлдвэр, газар, компаниудыг нээлттэй болгож, 10-аас доошгүй хувийг нь олон нийтэд зарах.
Компанийн засаглалын хамгийн тунгалаг, үр дүнтэй хэлбэр нь олон нийтийн оролцоог хангах байдаг. Алдагдалтай, үр дүнгүй, бүтээмж муутай ТӨРИЙН ӨМЧИЙН үйлдвэр, компанид олон нийтийн оролцоо хяналтыг бий болгосноор өрсөлдөх чадвар сайжирч, бүтээмж бий болно. Ингэвэл орлого өсөж, ашигтай ажиллах боломж нь нээгднэ.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрс шинэчлэлийн шинжтэй ийм зоримог бодлогыг хэрэгжүүлэхээр завдаж байна. Шинэ сэргэлтийн хууль бол сэргэлтийн эдийн засгийн амин сүнс юм. Ийм  цаг үеэ мэдэрсэн зоримог, нээлттэй шинэчлэлийг хийхгүй юм бол, энэ парламент, түүнийг бүрдүүлэгч олонхи гацаа, мухардлаас гаргах арга замыг дэмжихгүй юм бол Монгол улс уруудах замдаа эргэлт буцалтгүйгээр орж, сэргээхийн тулд илүү их цаг, илүү их зардлыг хойч үе төлөх болно.
 
Эдийн засагт чухлаар шаардагдаж буй амин шинэчлэлийг Сангийн яам, Хууль зүйн яам эсэргүүцэх аваас хожмын хариуцлага, ялыг тэднээс яг одоо асуух хэрэгтэй болно.
 
Шинэ сэргэлтийн хуулийг эсэргүүцэгчид хэн бэ?
 
Энэ хууль батлагдвал 2024 оны 12 дугаар сарын 31 хүртэл хэрэгжинэ. Бусад хууль, тогтоомжуудтай зөрчилдөх аваас Шинэ сэргэлтийн хуулийн заалтыг баримтлана. “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”, “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль” энэ зохицуулалтаас гадуур үлднэ.
 
Гадаадын жуулчдыг элдэв хүнд сурталгүйгээр нэвтрүүлэх, экспортын зарим бүтээгдэхүүнд тарифын бус хязгаарлалт олгохгүй байх, импортыг орлох дотоодын үйлдвэрүүдэд Хөгжлийн банкнаас санхүүжилт олгох, баталгаа гаргах, “ногоон” төслүүдэд Засгийн газрын баталгаа гаргах гээд маш олон шинэчлэгч агуулга хуульд бий. ДЭМБ, НҮБ-аас олсны төрлийн ургамлыг хортой бодисын жагсаалтаас хэдийнээ гаргасан бөгөөд дэлхийн олон улсууд тэдгээрийг тарих, хэрэглэхийг хуулиар зөвшөөрчээ. Энэ ургамалд агуулагддаг CBD гэх бодис нь тархи мэдрэлийн 110 өвчинг анагаахад ашиглагддаг, хорт хавдрын эхэн үед хэрэглэхэд үр дүнтэй нь тогтоогдсон урчаас эрэлт нь маш их байдаг. Үүнийг экспортын зориулалтаар тариалах, орлого олох байгалийн болон зах зээлийн өгөгдөл Монгол улсад бэлээхэн байгааг хоосон айдсаар зэвсэглэн ашиглахгүй байх нь Үндэсний эрх ашиг биш!
 
Шинэ сэргэлтийн хуулийг батлуулахгүй байхын төлөө хуучинсаг үзэлтнүүд, улс төрийн явцуу бүлэглэлүүд, хонжоо хайгчид, гадны гар хөл бологсод нэгджээ. Олонхийн бүлэг дотор үүрлэж, сөрөг хүчнээр бамбай хийн хуулийг унагахаар санаархаж байгаа тэр бусармаг хүчин өөрсдийн эсэргүүцлийн үндэслэлийг элдэв шалтаг, хардлагаар тайлбарлаж байна.
 
Казино, “Экспортыг дэмжих” эмийн ургамлын тариалалт зэргийг тэд гул барихаар зэхэж байна. Монголын бизнесийн томчууд, томоохон компаниудыг захиалагчаар тодруулан балбахаар бэлтгэлээ хангаж байна.
 
Монголын улс төр асуудлынхаа эрэмбийг алдснаас замбараагүй байдал, уналт, мөхөлтөд өртдөг. С.Зориг нэгэнтээ “Нэгдүгээрт, Улс эх орны эрх ашиг, хоёрдугаарт, үзэл бодлоо нэгтгэсэн намын эрх ашиг, гуравдугаарт, хувийн эрх ашиг байх ёстой" хэмээн зүй зохистой эрэмбийг зааж хэлсэн байдаг.
 
Тэгэхээр Шинэ сэргэлтийн хуулийг хэлэлцэх явцад хэн гэдэг гишүүн, хэн гэгч улс төрч юуг эрхэмлэж, эрэмбэлж байгааг, ямар бүлэглэлд багтаж байгааг тод харах боломж гарах юм.
 
Монголчууд аа, та бид түүхийн эгзэгтэй цаг мөчид ирээд байна. Улс орон уруудан доройтох уу, сэргэн дээшлэх үү гэдэг сонголтыг шийдвэрлэх хууль УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. Сонгосон гишүүн бүрээ ажиглагтун, шахагтун, шаардагтун!
 
Улс гэрийг сэргээхэд хүн бүрийн хүчин зүтгэл  хэрэгтэй.

Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй
2021-10-08 16:34:32
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0