Төгрөг болон ам.долларын албан ханшийг өчигдрийн байдлаар Төвбанкнаас зарласнаар 2748 төгрөг 35 мөнгөтэй тэнцэж 0.01 хувиар суларлаа.Эрэлт нийлүүлэлтээ харвал Монголбанк мягмар гаригт 16.5 сая ам.долларыг валютын захад нийлүүлжээ. Ингэснээр нийтдээ 230.4 сая ам.долларыг хар захад нийлүүлээд байна. Харин төгрөгийн ханш юанийн эсрэг 0.65 хувиар чангарч одоогоор 398 төгрөгт хүрч юанийн эсрэг үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш 0.16 төгрөгөөр сулраад байгаа. Дэлхийн зах зээлд долларын ханш нэмэгдээгүй байхад манайд ийнхүү нэмэгдээд байгааг салбарынхан зохиомлоор дотооддоо өсгөөд байна гэж дүгнэжээ. Энэ нь зах зээл дээр долларын ханш ѳснѳ гэсэн хүлээлт ѳндѳр, хүмүүс юу гэж итгэнэ, эдийн засагт яг л тийм зүйл тохиолддог гэдгээр тайлбарлаж болно. Үүнийг self-fulfilling prophecy буюу “бодол биелдэг” нэг жишээ гэж эдийн засагчид хэлж байна. Цаашид ханш өснө гэсэн хүлээлтээр бүгд уралдаад төгрөгийн хадгаламж болон бэлэн мөнгөөр доллар худалдан авсаар байвал ханш өссөөр магадгүй 3000 төгрөгт хүрэхийг үгүйсгэхгүй. Тиймээс Төвбанк ханшийг тогтворжуулахаар валютын захад нөөцөлсөн валютаа нийлүүлсээр байвал нөөц дуусахаас гадна урт хугацаандаа өссөөр байх болно. Тиймээс зохиомол өсөлтийг нам дарах өөр бодлогыг Төвбанк хэрэжүүлэхгүй байна хэмээн шинэжээчид шүүмжилсээр.
Дөрвөн жилийн өмнө одоогийн эрх баригч МАН долларын ханшийг урт хугацаандаа тогтвортой барьж төгрөгийн үнэ цэнийг нэмэгдүүлж иргэдийн худалдан авах чадварыг сайжруулж дундаж давхаргын тэлэлтийг нэмэгдүүлнэ хэмээн амлаж байсан. Гэвч энэ амлалтдаа хүрч ханшийг тогтоон барих бодлогыг шийдэмгий авч хэрэгжүүлээгүйгээс 2016 оны зургадугаар сард 1950 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдөр буюу дөрвөн жилийн дараа 2748 болж 800 орчим төгрөгөөр нэмэгдээд байна. Юанийн ханш ялгаагүй энэ хугацаанд 296 төгрөгтэй тэнцэж байсан бол өдгөө 400 төгрөг болж өсчээ. 2017 онд ам.доллар 2.375, 2018 онд 2.464, 2019 онд 2651, 2020 оны нэгдүгээр сард 2749 болсон нь хамгийн өндөр өсөлт болно. Ийнхүү төгрөгийн ханш өдөр ирэх бүр суларснаас иргэдийн худалдан авах чадвар муудсаар дундаж давхрагын уруудах шалтгаан болсоор байна. 2016 онд хадгаламжийн долларжих хандлага 38 хувьд хүрч аюулын харанга дэлдсэн. Хариуд нь банкны холбоо, арилжааны банкууд иргэдийн худалдан авах чадвар, төгрөгт итгэх итгэлийг сэргээсний хүчинд 2018 онд 28 хувь руу буулгаж байсан. Нөгөөтэйгүүр Монголбанк төгрөгийн ханшийг барих гэж нөөцөө шавхан долоо хоног бүр 30-70 сая ам.доллар нийлүүлээд байгаа нь нөөц өсгөх бодлоготой харшилдаж байгааг ч хэлж байна. Түүнчлэн юанийн эсрэг төгрөг мөн хүчгүйдэж сар шинийн баярын өмнөх их худалдан авалтаар улам сулрахаар байгаа нь үүний эсрэг бодлого дутмагтай холбоотой. Тиймээс төгрөгт итгэх итгэлийг сэргээх бодлого энэ цагт үгүйлдэгдэж байгааг эдийн засгийн экспертүүд хэлсээр байна.
Экспертийн үг
Эдийн засгийн шинжээч Ө.Ганзориг: Төгрөгт итгэх итгэлийг сэргээх бодлого хэрэгтэй
-Яг одоо 18.5 их наяд төгрөгийн хадгаламж байгаагаас 5.6 их наяд төгрөг нь доллараар байршиж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн хоёр тэрбум ам.долларыг Монголбанк өөр дээрээ хадгалж байна. Монголбанкны валютын нөөцийн хоёр тэрбум ам.доллар нь аль хэдийнэ цаанаа эзэнтэй гэж ойлгож болох юм. Хэрэв валютын нөөцөө нэмэгдүүлэх, импортыг хязгаарлах зорилгоор төгрөгийн ханшийг цаашид сулласаар байвал дөнгөн данган бидний тогтоон барьж байсан иргэдийн итгэл эргээд нурна. Төгрөгөөр хадгалагдаж байгаа 13 их наяд төгрөг долларт хөрвөх гэж зүтгэвэл 4.7 тэрбум ам.доллар Монголбанкинд нэмээд хэрэгтэй болно. Энэ үед Монголбанкны зүгээс долларын онц хэрэгцээгүй хүмүүс мөнгөө ам.доллар болгох гэж зүтгэх хэрэггүй шүү гэж хэчнээн ч ярилцлага өгөөд хэрэггүй. Хүний иррационал хүлээлтийг ямар ч математик моделоор томъёолж болдоггүй. Яагаад одоо төгрөгийн ханш сулрахыг хараад зүгээр сууна вэ. Би 2017 онд Монголбанкныханд “2011-2012 онтой адилхан зүйл давтагдах нь. Импортод доллараа алдахаас сэргийлж төгрөгийн ханшаа сулруулж иргэдээ ядууруулах нь зохимжгүй тул Монголбанк Сангийн яам хамтран татвар, квотын гэх мэт өөр аргачлалаар үүнээс урьдчилан сэргийлмээр байна аа” гэж анхааруулж хэлсэн. Ямар ч арга хэмжээ авагдаагүй учраас өнөөдрийн нөхцөл байдалд бид хүрээд байна.
Монголбанкны ОНБМТ-ийн ахлах эдийн засагч Н.Батжин: Гадаад валютын нөөц урт хугацаандаа тогтворжино
-Сар шинийн баярын өмнө валютын үнэ өсдөг. Энэ үеэр гаднаас их хэмжээний бараа бүтээгдэхүүн оруулж ирдэгтэй холбоотой. Валютын ханшийн богино хугацааны огцом өөрчлөлтийг хязгаарлах тухайд Төвбанкнаас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Монголбанкнаас он гарсаар валютын ханшид төдийлөн өөрчлөлт ороогүй. Харин өнгөрсөн онд ам.долларын ханш 3.4 хувиар өсөөд байна. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын байдлаар Монгол Улс руу орж байгаа мөнгө нь гарч байгаа мөнгөний урсгалаас их байсан. Өөрөөр хэлбэл, төлбөрийн тэнцэл 162 сая ам.долларын ашигтай гарлаа. Манай улс руу орж буй мөнгө нь өссөн үзүүлэлттэй байснаар гадаад валютын нөөц нэмэгдэж 4.2 тэрбум ам.долларт хүрсэн. Эдийн засгийн сууриа харвал ханшийн өсөлт үүсэх нөхцөл байдал ажиглагдахгүй байна. Ханшид нөлөөлдөг хүчин зүйлст эдийн засгийн сууриас гадна иргэдийн хүлээлт багтдаг. Өнгөрсөн аравдугаар сард ФАТФ-ын хяналт буюу саарал жагсаалтад орсон болон түүнтэй холбоотой зарим мэдээлэл гарснаар ханш өснө гэсэн таамгийг иргэдийн дунд зарим эрх бүхий этгээдүүд үүсгэсэн нь 2019 оны төгсгөл рүү ханш өсөхөд голлон нөлөөлөв. Банк хоорондын захад долоо хоног бүрийн хоёр дахь, дөрөв дэх өдөр дуудлага худалдаа явуулж, валют нийлүүлдэг. Он гарснаар хоёр удаагийн дуудлага худалдаагаар нийт 72.2 сая ам.доллар нийлүүлсэн. Тэгэхээр нэг талаас нөөцийг нэмэгдүүлэх урт хугацааны арга хэмжээг авахаас гадна ханшийн огцом өсөлтийг хязгаарлах зорилгоор банк хоорондын захад интервенци хийсэн. Мөн гадаад хөрөнгө оруулалт, худалдааг тогтвортой байлгахаар ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Валютын ханшийн зохиомол өсөлтийг тогтоох бодлого алга |
|