Ням, 2024-11-24
Экспорт импортоос давж, гадаад худалдааны баланс эерэг гарав

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны эхний 1 сарын дүнгээр 1765.7 сая ам.доллар болж, 2022 оны мөн үеэс 669.5 сая ам.доллар буюу 61.1 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 389.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарав. Экспортод 1077.7 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 99.7 хувиар өссөн дүн юм.

Экспортод нийлүүлсэн барааны 99.7 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 875.6 сая ам.доллар буюу 81.2 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 121.9 сая ам.доллар буюу 11.3 хувь; ургамлын гаралтай бүтээгдэхүүн 31.4 сая ам.доллар буюу 2.9 хувийг тус тус эзэлсэн байна. Эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.5 хувийг эзэлжээ.

2023 оны эхний 1 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал болон түүхий нефтийг 100.0 хувь, чулуун нүүрсний 97.8 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 99.9 хувийг Туркэд, самнасан ноолуурын 92.9 хувийг Италид; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д тус тус экспортолж, дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 77.2 хувийг эзэлж байна.

Монгол Улс дэлхийн 39 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 86.4 хувь, Швейцарьт 11.3 хувь, Сингапур-т 0.8 хувь тус тус ногдож нийт экспортын  98.5 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Импортоор нийт 688.0 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2022 оны мөн үеэс 131.5 сая ам.доллараар буюу 23.6 хувиар өссөн байна. Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.3 хувийг валютын төлбөртэй худалдаа, 1.1 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.9 хувийг гадаадын тусламжийн бараа, 2.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.2 хувийг реимпорт эзэлжээ.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 104.5 сая ам.доллар буюу 15.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 180.2 сая ам.доллар  буюу 26.2 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 159.6 сая ам.доллар буюу 88.6 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 72.9 сая ам.доллар буюу 10.6 хувь,

авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 144.2 сая ам.доллар буюу 21.0 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 47.3 сая ам.доллар буюу 6.9 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 37.3  сая ам.доллар буюу 5.4  хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 82.6 хувь ногдож байна.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 878.4 мян.ам.долларын бараа импортолжээ. Барааг гарал үүслийн орноор авч үзэхэд, АНУ-д 82.2 хувь, БНПУ-д 5.6 хувь, Энэтхэг-д 4.2 хувь, Япон-д 3.9 хувь, Итали-д 1.8 хувь тус тус ногдож байна.

Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал Нидерландад 89.0 хувь, АНУ-д 9.2 хувь, БНХАУ-д 1.8 хувь ногдож байна.

Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 7.5 сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУ-д 49.9 хувь, Австралид 20.0 хувь,  АНУ-д 19.9 хувь, Энэтхэг-д 1.9 хувь тус тус ногдож байна.

Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 42.6 хувийг БНСУ-аас, 23.1 хувийг Австралиас, 11.8 хувийг Гүржээс тус тус олгосон байна.  Нийт 15.6 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэнээс барааг гарал үүслийн улсаар авч үзвэл ОХУ-д 79.1 хувь, Казакстан-д 17.1 хувь тус тус ногдож буй аж.

Манай улс дэлхийн 105 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 35.8 хувь,  ОХУ-д 29.2 хувь;  Япон-д 9.7 хувь; БНСУ-д 3.5 хувь;  АНУ-д 3.3 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 81.5 хувийг эзэлж байна.

 


Экспорт импортоос давж, гадаад худалдааны баланс эерэг гарав
2023-02-09 12:46:26
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0