Ням, 2024-11-24
“Оюутолгой”-н гүний уурхай олборлолтоо эхлүүлэхэд бэлэн боллоо

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын эдийн засгийн талаарх гурван эерэг мэдээг Сар шинийн босгон дээр олон нийтэд дуулгав. Тэрээр “Нэгд,  зэс, нүүрс, алтны үнэ сайн байхаар харагдаж байгаа. Монгол Улсын экспорт сайн байна. Хоёрдугаарт, ирэх гуравдугаар сард “Оюу толгой”-н гүний уурхай ашиглалтад орно. Энэ нь эдийн засагт гарч байгаа эерэг мэдээ.2023 оны эдийн засгийн өсөлт 2022 оноос илүү байхаар тооцож үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гуравдугаарт, наадмын дараа долдугаар сарын 14, 15-нд Монгол Улсын эдийн засгийн форумыг зохион байгуулах шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарсан” гэлээ. Инфляц, валютын ханшийн өсөлт зэрэг эдийн засгийн уналтын томоохон хүчин зүйлүүдэд багагүй хугацаанд цохиулсан монголчуудын хувьд энэ бол эерэг мэдээ мөнөөсөө мөн.

Тэр дундаас ирэх гуравдугаар сард “Оюу толгой”-н ордын гүний уурхай олборлолтоо эхлүүлэх тухай мэдээлэл чих сортойсхийх чухал үйл явдал юм. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сар шинийн өмнөхөн МҮОНТВ-д өгсөн ярилцлагадаа ч онцлон тэмдэглэсэн нь Монгол Улсын хувьд дэлхийд ховор тооцогдох гүний уурхайг олборлолтод шилжүүлэхэд бэлэн болсны дохио юм. “Оюу толгой”-н орд гүний уурхайн олборлолтод шилжинэ гэдэг бол  Монгол Улсын эдийн засгийн хөгжил, гадаадын хөрөнгө оруулалтад оруулж байгаа хувь нэмэр илүү хурдтай нэмэгдэх ач холбогдолтой юм.

Монгол Улсын эдийн засаг, төсвийн хөрөнгөд хамгийн том ачааг үүрдэг “Оюу толгой” ордын гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн анхны тэсэлгээг өнгөрсөн 2022 оны нэгдүгээр сарын 25-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,“Рио тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар эхлүүлсэн түүхэн өдөр болсон. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Удтал хүлээлгэсэн гүний уурхайн төслийн ажил өнөөдөр эхлэхэд бэлэн боллоо. Энэ өдөр хөрөнгө оруулагч талдаа Монголын ард түмэн дахин итгэл хүлээлгэж байна. Магадгүй энэ сүүлчийн найдлага гэдгийг хэлмээр байна” гэсэн бол “Рио тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Монгол хүний гараар бүтсэн, хөлс хөдөлмөр шингэсэн энэ уурхай дэлхийн эдийн засгийн шилжилтийг дэмжихэд гойд ач холбогдолтой” хэмээн тэмдэглэж байлаа. Энэ үеэр талууд “Гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаа жигдэрнэ” гэж олон нийтэд мэдэгдэж байв. Тэгвэл энэхүү амлалт биеллээ олж, энэ гуравдугаар сард “Оюу толгой”-н орд гүний уурхай олборлолтоо эхлүүлэхэд бэлэн болжээ. Энэ бол Монгол Улсын Засгийн газар, “Рио тинто” групп хоорондын хамтын ажиллагааны том ахиц юм.

Гүний уурхай ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх зэсийн уурхайтай болно. “Оюу толгой” ордын нөөцийн дийлэнх хувь нь гүний уурхайн хэсэгт оршдог бөгөөд тус уурхай тогтвортой үйл ажиллагаа явуулж чадвал “Оюу толгой” компанийн борлуулалт нэмэгдэж, АМНАТ-ын төлбөр ч түүнийг дагаад өсөх боломжтой. Ойролцоогоор жилд 700 тэрбум төгрөгийн АМНАТ төлөх тооцоололтой гэж жилд эдийн засагчид онцолдог. Гэхдээ энд нэг зүйл бий. Тус уурхай энэ сард олборлолтод шилжээд нүд ирмэхийн зуургүй үр өгөөж нэмэгдэнэ гэж хүлээж болохгүй. Тодруулж хэлбэл, гүний уурхайн олборлолт эхэллээ гэдэг нь шууд оргил үедээ хүрнэ гэсэн үг биш юм. Компанийн удирдлагын багийн тооцооллоор аажмаар буюу 2028-2036 оны үед оргил үедээ хүрнэ гэсэн төлөвлөгөөг мэргэжлийн түвшинд гаргаад байгаа аж.

 

 

Гүний уурхайн үйл ажиллагааг мэргэжлийн үгээр товч тайлбарлавал, 2022 оны нэгдүгээр сард хийсэн бүтээн байгуулалтын анхны тэсэлгээ нь drawbell буюу хүдэр буулгуур гэнэ. Дэлхий дээр гүний уурхай их ховор байдаг.Хэдий тийм ч гүний уурхайгаас олборлох олон төрлийн арга зүй байдаг. Тэр дундаас хамгийн аюул багатайгаар бүтээн байгуулалтаа хийгээд авбал дараагийн ашиглалтын зардлууд нь бага байх арга зүй болох “block caving” буюу блокчлон олборлох арга юм. Энэхүү блокчлон олборлох арга нь үндсэн олборлох хүдрийн биетийнхээ доор нь тосож drawbell буюу хүдэр буулгуурыг тэслээд үндсэн бүтээн байгуулалтаа хиймэгц дээр байгаа цул байгаа биетүүдэд хэсэгчилсэн тэсэлгээ хийгддэг. Ингэснээр тухайн цул байгаа биетүүд нь бутарч, бутарсан хэсгүүд нь физикийн хуулийн дагуу таталцлын хүчээр нуралт үүсэн орж ирдэг. Нурсан чулуулгийг гүндээ эхний бутлалтыг хийн газрын гадарга руу гаргадаг процесс юм.

Дэлхийд ховор тооцогдох ийм уурхайг монголчууд эх орондоо бүтээн байгуулж байгаа нь хамгийн онцлууштай үйл явдал болж байна. Уул уурхайн салбарт 150 жилийн туршлага хуримтлуулсан “Рио Тинто” групп өөрсдийн хөгжүүлж ирсэн технологи, мэдлэгээ “Оюу толгой”-н ордод шингээн, монгол залуусыг чадавхжуулсаар байгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд оруулж буй түүхэн хувь нэмэр юм. Тиймдээ ч газрын дор 1.3 км-ийн гүнд асар том бүтээн байгуулалтыг урт хугацаанд хийж гүйцэтгэж байгаа тул гүний уурхайн олборлолтоо амласан хугацаандаа эхлүүлж чадлаа.

“Оюу толгой” компанид эдүгээ 20,000 гаруй ажилчин ажиллаж байгаа бөгөөд үүний 97 хувь нь монгол залуус юм. Тус компанийн Монгол Улсын эдийн засагт оруулсан хувь нэмрийг товч сонирхвол өнгөрсөн онд гэхэд орон нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдэд 6.1 сая ам.долларын санхүүжилт олгосон байгаа юм. Мөн ус ашигласны төлбөрт 2013 оноос хойш 142 тэрбум төгрөгийг төлсөн байдаг бол 2022 онд татвар хураамж бусад төлбөрт 314 сая ам.доллар буюу 980 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ.

Төсөл хэрэгжиж эхэлсэн 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагч тал Монгол Улсад 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөг зарцуулсан статистик байна. Үүний 75 хувь нь үндэсний компаниудад төлсөн төлбөр бол 19 хувь нь улсын төсөвт төлсөн шууд төлбөр, 6 хувьд нь цалин хөлс багтдаг юм байна.

“Оюу толгой”-н ордыг 100 орчим жил ашиглах нөөцтэй гэгддэг. Гүний уурхай ашиглалтад орсноор нэгэн зууны хугацаанд Монгол Улс, монголчууд үр өгөөжийг нь хүртэх боломжтой юм. Гагцхүү энэ ажлыг, уурхайн үйл ажиллагааг тогтвортой хэвийн үргэлжлүүлэх нь бидний талаас, Монгол Улсын Засгийн газрын хичээл зүтгэлээс бүрэн хамаарна. Эдүгээ “Шинэ сэргэлтийн бодлого” хэмээх Монгол Улсын ойрын 30 жилийн хөгжлийн зургийг зуран ажиллаж байгаа Засгийн газрын хувьд Оюу толгойн ордын олборлолтыг бүхий л талаар дэмжиж буй. Тиймдээ ч Монгол Улсыг дэлхийд тэргүүлэх зэс үйлдвэрлэгч орон болох эхлэл амжилттай тавигдаж байна. Цаашлаад Монгол Улсын Засгийн газар,“Рио Тинто” группийн хамтын ажиллагаа нь Монголыг гадаад улс орнуудад хөрөнгө оруулалт, бизнест нээлттэй, ээлтэй улс болохыг баталж, олон улcын тавцанд сурталчилж байгаа явдал юм.


“Оюутолгой”-н гүний уурхай олборлолтоо эхлүүлэхэд бэлэн боллоо
2023-03-15 12:01:04
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0