Манай улсын экспорт 1995-2021 онд жилд дунджаар 14.5 хувиар нэмэгджээ. Үүнд, уул уурхайн экспорт 17.1 хувиар, уул уурхайн бус бараа, бүтээгдэхүүний экспорт 7.2 хувиар тус тус өссөн байна. Энэ талаар ҮСХ, МҮХАҮТ-аас хамтран хийсэн “Монгол Улсын экспортлогч ААН-үүдийн нөхцөл байдал" судалгаанд дурджээ. Уул уурхайн болон уул уурхайн бус экспортын хоорондын харьцаа 10 шахам хувиар зөрүүтэй байгаа дээрх байдлыг ойртуулж, тэнцүүлэх боломж манай улсад байгааг Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын дарга Т.Дүүрэн судалгааны дүнг танилцуулах үеэр онцоллоо. Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал-төрийн нөлөө ба дэмжлэг гэсэн асуулгаар аж ахуйн нэгжийн 44.3 хувь нь тогтмол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахдаа төрийн байгууллагаас ямар нэг баримт, бичиг тодорхойлолт шаардаж энэ нь хүндрэл учруулдаг гэдгийг судалгаа харуулжээ. Тухайлбал экспортлогч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахад төрийн байгууллагад бүрдүүлж өгдөг баримт бичгийн дундаж тоо тусгай зөвшөөрөл гэхэд 13, гэрээ гурав, батламж хоёр, дүгнэлт, үнэлгээ зэрэг тус бүр дөрөв гээд дундажаар 29 бичиг бүрдүүлдэг байх жишээтэй. Энэ нь авилга хүнд суртлыг нэмэгдүүлдэг гэдгийг судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн эзэд хариулсан байна. Өөрөөр хэлбэл,эдгээр экспортод бүтээгдэхүүнд 29 орчим баримт бичиг, тодорхойлолт бүрдүүлж, төрийн байгууллагад өгч байж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах шаардлагатай байдаг гэжээ.
Манайд экспортын санхүүжилтийн механизм дутагдаж байна
Бусад улс орныг бодвол Монгол Улс дэлхийн хамгийн том импортлогч БНХАУ-тай хил залган оршдог. Мөн хөрш ОХУ-ын Сибирийг оруулбал том худалдан авагч байна. Тиймээс манай улс аль болох нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, ялангуяа уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлбэл дэлхийн хоёр том зах зээл бэлэн байна. Гагцхүү манайд экспортын санхүүжилтийн механизм дутагдаж байна гэж тайлбарлалаа. Түүнчлэн экспортлогч ААН-үүдийн 90 орчим хувь нь санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж байгаа гэсэн дүн нь судалгаагаар гарчээ. Энэ нь экспортлогч нарт тухайн төрлийн бизнест тохирсон санхүүгийн хэрэгцээ өндөр хэдий ч тэр зорилтот санхүүжилтийн дэмжлэг, хөрөнгө оруулалт дутмаг, үүнээс болж экспорт хангалттай өсөхгүй, өөрсдөө дэвжиж чадахгүй байгаа гэлээ. Уул уурхайн бус экспортыг тооцвол нийт экспортын дүнгийн зургаа орчим хувийг бүрдүүлж байна.
Aж ахуйн нэгжүүдийн 4.2 хувь буюу 1923 аж ахуйн нэгж экспортод бараа бүтээгдэхүүн гаргадаг. Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн таван хувь нь уул уурхайн бараа бүтээгдэхүүн экспортолж үнийн дүнгээр нийт экспортын 93 хувийг бүрдүүлдэг. Харин экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь уул уурхайн бус бараа бүтээгдэхүүнийг экспортолж байгаа аж. Үүнийг үнийн дүнгээр тооцвол Монгол улсын нийт экспортын долоон хувийг бүрдүүлж байна.
Мөн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн дунджаар 90 орчим хувь нь экспорт хийхтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж байна гэв. Зээлтэй аж ахуйн нэгжүүдийн 71 хувь нь банкнаас, 19.8 хувь нь хувь хүнээс санхүүжилтийн эх үүсвэрээ бүрдүүлж байгаа нь экспортлогч аж ахуйн нэгжүүдэд тохирсон зорилтот санхүүжилтийн бүтээгдэхүүн байхгүй, дэмжлэг дутмаг, экспорт хийх зардал өндөр байгааг харуулж байна. Бас аж ахуйн нэгжүүдийн 25.6 хувь нь хүний нөөцийн дутагдалтай байгаа нь улсын дунджаас өнлөр гарчээ. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэлийн иргэдийн хувь хэмжээг бууруулах зэрэг нь нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатайг судалгаа харуулжээ.
Экспортлогч аж ахуйн нэгжүүдийн 32.7 хувь нь авлига, хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэсэн нь улсын дунджаас мөн өндөр хувьтай байна.
Уул уурхайн салбарын экспортыг дэмжихэд дэд бүтцийг хөгжүүлэх, татварын таатай орчин бүрдүүлэх, албан зөвшөөрлийн хураамжийн хэмжээг бууруулах зэрэг олон сонирхолтой тоо баримтыг ил болгожээ.
Экспортлогч нарт санхүүжилт, хөрөнгө оруулалтаас гадна мэдээлэл, харилцаа холбоо, зохион байгуулалт, менежмент, бизнес хөгжүүлэлт, техник, технологи, инновац хэрэгтэй байна. Гэхдээ энэ талын буюу дэвшилд тулгуурласан боломжит нөөцийг тэд ашиглаж чадаж буйг Эдийн засгийн судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар хэллээ. Энд Agile буюу боломжит нөөцийн хүрээнд уян хатан арга барилаар бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч нарт хурдан шуурхай, хүндрэл багатай хүргэж буй бизнесийн чиг хандлагыг баримталж байна гэв.
Ц.БАЯР
Эх сурвал: “Зууны мэдээ” сонин
29 төрлийн бичиг баримт шаарддаг нь экспортлогчдод хүндрэл учруулсаар |
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27
2024-11-18 09:58:28
2024-11-18 09:57:44
2024-11-15 09:36:12
2024-11-15 09:35:30
2024-11-15 09:34:24
2024-11-15 09:33:31