Дэлхийд нэр хүндтэй мэдээний агентлаг CNN Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа болох Оюу толгой төслийн талаар сурвалжилсан нийтлэлийг эмхтгэн хүргэж байна. Энэхүү нийтлэлд: “Гадаадын хөрөнгө оруулалтын үр дүнд Монголын эдийн засаг хурдацтай өссөн”-ийг онцолжээ.
Монголд тогтвортой уул уурхайг хөгжүүлэх нь буюу хамтын ирээдүйг бий болгох нь
Монгол Улс байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Өрнө зүгт мөнх цаст уулс сүндэрлэж, дорно зүгт маргадын өнгөт ногоон тал цэлийнэ. Харин өмнө зүгт нь ер бусын гайхамшигтай Говь цөл үргэлжилдэг билээ. Энэхүү уудам нутагтай, далайд гарцгүй оронд өвөрмөц сонин өөр асуудлууд ч бий. Орос, Хятад хэмээх геополитикийн хоёр их гүрний дунд орших, ердөө гурван сая гаруй хүн амтай Монгол Улс нь дэлхийд хамгийн сийрэг суурьшилтай улсуудын тоонд зүй ёсоор багтдаг. Монгол Улс 1990 оноос ардчилсан нийгэм рүү эрчимтэйгээр шилжин орсон. Улмаар гадаадын хөрөнгө оруулалт “цөн түрэн” орж ирж, эдийн засаг нь хурдтай өссөн. Ардчилсан хувьсгалаас хойших ердөө 30-хан жилийн дотор Монгол Улсад ядуурал, нярайн эндэгдэл эрс буурч, өрхийн амьжиргаа, боловсролын түвшин нэмэгджээ.
Гэхдээ ардчилсан шилжилтийн үе үргэлжилсэн хэвээр. НҮБ-ын судалгаагаар Монгол Улсын хүн амын гуравны нэг нь ядуу хэвээр байгаа бөгөөд ажлын байрыг нэмэгдүүлэх нь хүндхэн сорилт хэвээр байна. Өрхүүдийн амьжиргааны түвшнээс хамаарч цар тахлын дараах сэргэлт ч харилцан адилгүй байгаа юм. Монгол Улс цаашид ахиц дэвшлээ хадгалж, нэг сая гаруй хүнийг ядуурлаас ангижруулахын тулд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, байгалийн баялаг зэрэг давуу талуудаа ашиглах хэрэгтэй. Гагцхүү эдгээр салбарыг тогтвортой хөгжүүлэх нь хамгийн чухал.
Алтан стандартад нийцүүлэх нь
Монгол Улсын эдийн засгийн тавны нэг, экспортын тавны дөрөвийг уул уурхай бүрдүүлдэг. Тус улсын хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарууд уналтад орсон үед харьцангуй хүчирхэг уул уурхайн салбар нь эдийн засгийн өсөлтийг үүрч ирсэн. Монгол Улсын эдийн засагт үзүүлсэн уул уурхайн салбарын үнэ цэнийг үгүйсгэх аргагүй ч байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөлөл түүний сүүдэрт үлдэх учиргүй. Монголын байгаль онгон дагшин, үзэмж төгс бөгөөд өндөрлөг газарт оршдог, хуурай уур амьсгалтай тул усны менежментийг маш нарийн зохион байгуулах шаардлагатай. Мөн Монгол Улсад ажилгүйдэл, хөдөлмөрийн дутуу ашиглалт ноцтой асуудал болохын зэрэгцээ нарийн мэргэжлийн ур чадварын архаг хомсдол нүүрлэжээ.
Монгол Улс дахь гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт болох Оюу толгойн зэсийн уурхай нь дэлхийн хэмжээний уул уурхайн Рио Тинто компани болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа билээ. Уурхайд 20 мянга гаруй хүн ажилладгаас 97% нь Монголчууд. Тэд одоогоор Монгол Улсын эдийн засагт 15 тэрбум ам.долларын хувь нэмрийг оруулаад байна. ОУВС-аас 2012 онд Оюу толгойн уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улсын ДНБ ойролцоогоор 30 хувиар өсөх боломжтой гэх тооцооллыг хийсэн байдаг.
Ил уурхайн олборлолт арван жил үргэлжилсний эцэст энэ оны эхээр Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл эхэлсэн. Ингэснээр энэ уурхай цахилгаан автомашин, салхин турбин зэрэг хүн төрөлхтөн цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжихэд чухал шаардлагатай ашигт малтмал болох зэсийн дэлхийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг болох замдаа орсон. Оюу толгой 2020 онд байгаль орчин, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах 30 гаруй шалгуур үзүүлэлтийг хангаж, орон нутгийн эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж буйг үнэлж, Олон улсын Зэсийн нийгэмлэгээс Хариуцлагатай үйлдвэрлэлийн хөтөлбөр “Зэсийн марк” хэмээх хүндтэй шагналаар шагнагдсан.
Хариуцлагатай үйл ажиллагаа
Байгаль орчинд ээлтэй уул уурхай эрхэлнэ гэдэг нь аль болох нөөц баялгаа хэмнэж ашиглахыг хэлдэг. Харин Монголын тухайд усны менежментэд илүү онцгой анхаарах шаардлагатай. Уул уурхай нь уснаас ихээхэн хамааралтай үйлдвэрлэл бөгөөд Оюу толгой нь Монголын хамгийн хуурай газар нутаг болох говийн бүсэд оршдог. Харин Рио Тинто өөрсдийн өмнөх төслүүдэд туршигдсан ус хэмнэх арга техникийг Оюу толгойд ашиглаж байгаа аж. Үүний үр дүнд усны хэрэглээ нь зэс олборлолтын дэлхийн дунджаас хамаагүй доогуур байгаа бөгөөд Оюу толгой нь Монголын усны агентлаг болон хөндлөнгийн аудиторын шаардлагад нийцүүлэн усаа ашигладаг.
Мөн хариуцлагатай уул уурхай нь ажлын байрыг бий болгох гэх мэт нийгмийн үр өгөөжийг авчрах ёстой. Гэхдээ шаардлагатай мэргэжил, ур чадвар нь ажиллах хүчний туршлага, боловсролтой нийцэж байж ажлын байр бий болдог. Рио Тинто компани “Говийн Оюу” Хөгжлийг дэмжих сангаараа дамжуулан цэцэрлэг, сургууль, сургалтын тэтгэлэг, эмнэлэг, спортын ордон, музей зэрэгт хөрөнгө оруулалт хийжээ. “Grant Thornton” зөвлөх компанийн хийсэн судалгаагаар эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд олон зуун шинэ ажлын байр бий болсон төдийгүй уурхайн үйл ажиллагаа өргөжих хөшүүрэг болж иржээ. Тиймээс хөрөнгө оруулагчид Хөгжлийг дэмжих сангийн боловсролын хөтөлбөрөөс хэдий чинээ олон хүн ашиг хүртэнэ төдий чинээ олон ажлын байр нэмэгдэх хүлээлттэй байгаа аж.
Түүнчлэн Рио Тинто малчид зэрэг орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, бэлчээрийн маргааныг шийдвэрлэхийн зэрэгцээ усны баялгийг хуваарилах, дэд бүтцийг бий болгох, мөн газар нутгийг илүү үр ашигтай зохион байгуулах бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг боловсруулахад туслалцаа үзүүлж ажилладаг.
Рио Тинто “Говийн Оюу” Хөгжлийг дэмжих сангаараа дамжуулан цэцэрлэг, сургууль гэх мэт боловсролын байгууллагуудад хөрөнгө оруулж, туслалцаа үзүүлсэн.
Ирээдүйн сайн сайхны төлөөх уул уурхай
Монгол Улсад дулаарал дэлхийн дунджаас хавьгүй эрчимтэй явагдаж байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг нухацтай авч үзэх нь зайлшгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 2022 оны бага хурлаас 2030 он хүртэлх хугацаанд нэг тэрбум мод шинээр тарьж, сүйдсэн ойг нөхөн сэргээх зоримог төлөвлөгөө дэвшүүлсэн. “Тэрбум мод” хэмээх НҮБ-ын дэмжлэгтэй энэхүү үндэсний кампанит ажил нь Монголд урьд хожид хэрэгжиж байгаагүй томоохон санаачилга юм. Рио Тинтогийн хувьд Оюу толгой уурхайн мод үржүүлгийн талбайд ургуулж байгаа моддоос 100 саяыг энэхүү санаачилгад нэмэрлэх амлалт өгсөн.
“Тэрбум мод” санаачилгын хүрээнд Монгол Улс зөвхөн эх орондоо төдийгүй дэлхийн хэмжээний уур амьсгалын өөрчлөлтийн хямралыг намжаахад тус нэмэр болох юм. Санхүүгийн зөвлөх үйлчилгээний “S&P Global” компанийн тайланд дурдсанаар, нүүрстөрөгчийн хийн ялгарлалт шингээлтийг тэнцвэржүүлэх зорилтот хүн төрөлхтөн илүү их зэс олборлох шаардлагатай. Тухайлбал, Цахилгаан автомашин үйлдвэрлэхэд уламжлалт тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхээс 2.5 дахин их зэс шаардагддаг. Мөн зэс нь салхи, нарны цахилгаан станц барихад нэн хэрэгцээтэй материал бөгөөд сэргээгдэх эрчим хүчийг хадгалах, тээвэрлэх дэд бүтцийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Олон улсын эрчим хүчний агентлаг нэг цахилгаан автомашин үйлдвэрлэхэд 53.2кг зэс шаардлагатай гэж тооцоолсон. Тэгвэл уг тооцооллоор Оюу толгойн уурхайн бүрэн хүчин чадлаар 9 сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц 500 мянган тонн зэс олборлох боломжтой юм.
Уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдлыг нэгтгэн дүгнэдэг “ND-GAIN Country Index”-д Монгол Улсыг эмзэг орны тоонд оруулсан байгаа нь тус улсын үзэсгэлэнт газар нутаг аюулд өртөхүйц байгааг харуулж байна. Гэхдээ "Тэрбум мод" аян, зэсийн олборлолтыг эрчимжүүлэх зэрэг санаачилгуудыг хэрэгжүүлж буй нь Монгол Улс онгон байгалиа хойч үедээ хадгалан үлдэж, нүүрстөрөгчийн хийн ялгарлалт шингээлтийг тэнцвэржүүлэх зорилтод хүрэх олон арга хэрэгсэлтэй болсныг илтгэж байна.
CNN Монголын уул уурхайн ирээдүй-Рио Тинтогийн оролцоог онцлов |
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27
2024-11-18 09:58:28
2024-11-18 09:57:44
2024-11-15 09:36:12
2024-11-15 09:35:30
2024-11-15 09:34:24
2024-11-15 09:33:31