Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын ээлжит XXV хуралдаан боллоо
ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх, мөн “Богдхан төмөр зам” төсөл болон Улаанбаатар хотын Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг хамтран хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн байна.
Түүнчлэн хоёр улсын хооронд төгрөг, рублиэр тооцоо хийх төлбөр тооцооны механизмыг ОХУ-д тавигдсан хоригийг зөрчихгүйгээр бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцжээ.
Мөн Монголын уламжлалт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүний дотор ноос ноолуур, арьс шир болон мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд нийлүүлэх зорилгоор чөлөөт худалдааны түр хугацаатай хэлэлцээр байгуулаад байна.
Үүнээс гадна ОХУ-ын Гэгээрлийн яамны орлогч сайд Д.Е.Грибов мэргэжлийн боловсролын чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал: ОХУ-ын мэргэжил сургалтын 12 байгууллагатай хамтрах, хүүхдийн зуны зуслан, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёр улсын хичээлээс гадуур үйл ажиллагаа явуулдаг төвүүдийг холбох, робот техник, технологийн сургалтууд явуулах зэргээр хамтран ажиллах боломжтой гэжээ.
Түүнчлэн жижиг оврын реактор бүхий атомын цахилгаан станц барихад хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлсэн гэж "ТАСС" агентлаг мэдээллээ.
Үүнээс хэдэн жилийн өмнө ОХУ-ын талаас Сэлэнгэд усан цахилгаан станц барихын оронд Монголд дулааны цахилгаан станц эсвэл атомын цахилгаан станц барихад хамтран ажиллах саналыг тавьж байсныг тодотгосон байна.
"ДЦС-3"-ын хүчин чадлыг нэмэх төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлнэ |
|