Баасан, 2025-08-22
Ж.Бат-Отгон: “Би уншиж байж л амжилтад хүрэх юм байна” гэдгийг хүүхдүүддээ ойлгуулах нь чухал

“ЭШ 2025-д оноогоороо тэргүүлсэн топ 60 сургуулийн тавдугаарт эрэмбэлэгдсэн Төгсдэлгэрэх сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын менежер, түүх, нийгмийн ухааны багш Ж.Бат-Отгонтой ярилцлаа.


-Танай сургуулийн сурагчид өнөө жил ЭШ-ын оноогоор улсын хэмжээнд эхний тавд багтсан амжилт гаргажээ. Энэхүү амжилтын гол түлхүүр нь юу байв?

-Манай сургуулийн сурагчид энэ жил ЭШ-ын оноогоороо бахархам сайхан амжилт үзүүллээ. ЭШ-ын онооны чансаагаар улсдаа эхний тавд шалгарсан энэ удаагийн үзүүлэлт манай сургуулийн хувьд анхных нь биш. Багш нар маань ЭШ, төрөлжсөн олимпиад, улсын хэмжээнд гүйцэтгэлийн үнэлгээгээр тогтмол амжилттай оролцож ирсэн

Энэ бол баг хамт олон, багш, сурагчдын маань олон жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Манай сургууль байгуулагдаад 30-аад жил болж байна. 2006 оноос хойш ЭШ нэртэйгээр шинэчлэгдэн зохион байгуулагдсан цагаас л багш сурагчид маань амжилт гаргаж олон ч хүүхэд 800 оноо авч байлаа. Математикийн багш Монгол Улсын гавъяат багш Ц.Уранчимэг, У.Жаргалсайхан, Ц.Отгонцэцэг, физикийн багш Б.Батбаяр, Ц.Гандөш, англи хэлний багш Ж.Санчирмаа, Т.Төмөртогоо, монгол хэлний багш И.Бямбацогт, Т.Мөнхчимэг гээд дурдаад байвал олон багш бий. Сургалтын бодлогоо багшлах боловсон хүчин дээрээ тулгуурлаж, амжилттай хэрэгжүүлж байгаагийн тод илрэл нь сурагчдын маань амжилтаар хэмжигддэг. Төгсөгчдийн маань хувьд өөрсдийнхөө хүссэн сургуульдаа элсэн орох хэмжээний амжилттай сургуулиа дүүргэж чаддаг. Тухайлбал, МУИС, ШУТИС, АШУҮИС, СЭЗИС гэх мэт топ Их, дээд сургуулиудад тогтмол элсэн орж байгаа.

-Таны хувьд хэд дэх жилдээ багшаар ажиллаж байна вэ. Анх яагаад багшийн мэргэжлийг, тэр дундаа түүх, нийгмийн ухааны чиглэлийг сонгох болсон юм бэ?

-Миний хувьд 16 дахь жилдээ багшилж байна. Архангай аймгийн төвийн II арван жилийг төгсөөд 2004 онд МУИС-ийн археологи, антропологийн ангид элсэн орж байлаа. Ингээд сургуулиа төгсөөд 2009 оноос өнөөдрийг хүртэл “Төгсдэлгэрэх” сургуульдаа түүх, нийгмийн ухааны багшаар ажиллаж байна. Энэ мэргэжлийг анх сонгоход анги даасан А.Мөнхбилэг багш маань их нөлөөлсөн юм. Би сурагч байхдаа буюу 2000-аад оны эхээр түүх сонирхдог, их уншдаг хүүхэд байлаа. Тухайн үед А.Мөнхбилэг багш маань “Монголд археологийн чиглэлээр мэргэжлийн анги нээгдсэн.Миний хүү түүх сонирхдог юм чинь сонирхож судлаарай” гэж надад санал болгож байсан л даа. Ингээд арван жилээ төгсөөд бүтэн нэг жил өнжих хугацаандаа шалгалтад бэлдэж, 2004 онд өөрийнхөө хүссэн сургуульдаа, хүссэн мэргэжлээрээ элсэн орсон. Их сургуулиа археологич, түүхийн багш гэсэн хос мэргэжлээр төгссөн. Археологийн чиглэлээр тухайн үедээ ажиллах боломжгүй байсан учраас түүхийн багш болсон минь ийм учиртай. Би өөрөө олон сайн багш нараар хичээл заалгаж, хамт ажиллаж тэднээсээ суралцаж ирсэн. Энэ дашрамд “Төгсдэлгэрэх” сургуулийнхаа хамт олон, ХААИС Нийгэм Хүмүүнлэгийн тэнхимийн багш нар, энэ онд 30 жилийн ойгоо ололт амжилтаар дүүрэн угтаж байгаа МУИС-ийн Археологи, Антропологийн тэнхимийн багш нартаа, Монгол Улсын гавьяат багш Д.Түмэндээ үргэлж баярлаж явдгаа хэлье.

-Багш мэргэжлийн бахархах зүйл нь шавь нарын амжилт байх. Таны бэлтгэсэн шавь нар олон улсын ямар тэмцээн уралдаанд амжилт гаргаж байв. Шавь нарынхаа амжилтаас дурдвал…

-Түүхийн хичээл бол онцлогтой. Ялангуяа Монголын түүхээ таниулан ойлгуулах зорилготой байдаг. Тиймээс олон улсын уралдаан тэмцээнд оролцох боломж нь хомс. Харин нийгмийн ухааны хичээлээр мэтгэлцээний тэмцээнүүд улсын хэмжээнд сүүлийн үед зохиогддог болж байна. Манай сурагчид олон улсын мэтгэлцээний тэмцээнд амжилттай оролцож байсан. Ер нь олон жил багшлах тусам шавь нарын амжилт улам чангардаг юм болов уу гэж боддог. Энэ хугацаанд шавь нар маань хүссэн оноогоо аваад хүссэн сургуульдаа ордог болсон байна. Анх 2020 онд шавь маань 800 оноо авч байлаа. Мөн хүүхдүүд маань аймаг, нийслэл, дүүргийн олимпиадуудад тогтмол амжилт үзүүлсээр ирсэн.

-Таны бэлдсэн шавь нар ЭШ-д өндөр оноо авдаг юм билээ. Энэ жилийн тухайд ямар амжилт гаргав?

-Өнөө жил манай сургууль ЭШ өгсөн сурагчдын дүнгээр 663 оноо буюу топ 60 сургуулийн үзүүлэлтээс харахад улсын хэмжээнд тавдугаарт жагссан. Хичээл тус бүрээр нь авч үзвэл математикийн үзүүлэлтээрээ хоёрдугаарт, нийгмийн ухааны хичээлээр мөн хоёрдугаарт жагссан.

-ЭШ-д 800 оноо авах хүүхэд бэлдэж гаргаж ирнэ гэдэг амаргүй. Мэдээж багшийн мэдлэг, ур чадвараас гадна заах арга барил хамгийн чухал байх. Та түүх, нийгмийн ухааны мэдлэгийг өгөхдөө сурагчдад хамгийн түрүүнд юуг ойлгуулахыг зорьдог вэ?

-Технологийн эрин зуунд хүүхдүүдийн унших сонирхол буурсан. Жилээс жилд ном уншдаггүй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна. Хүн ном, сонин уншихгүй бол сэтгэхгүй. Ер нь уншихынхаа хэрээр хүүхдүүд сэтгэж эхэлдэг. Орчин үеийн хүүхдүүдийн онцлог нь сошиал, гар утаснаас хамааралтай болсон. Уншихгүй бол шинжлэх ухааны гол мэдлэгээ авч чадахгүй гэж багш хүний хувьд үздэг. Түүх, нийгмийн ухааны хичээлийн онцлог нь унших, бие даан судлах байдаг. Миний хувьд хүүхдүүдээ яаж сургадаг вэ гэхээр хамгийн гол нь өөрсдөд нь ойлгуулахыг хичээдэг. “Би уншиж байж л амжилтад хүрэх юм байна” гэдгийг шавь нартаа ойлгуулах нь чухал. Эхлээд өөрөө бие даагаад уншсан хүүхдэд багш тайлбарлан таниулснаар ахиц дэвшил гардаг. Миний хувьд шавь нартаа түүхийн шинжлэх ухааны түүхэн зүтгэлтэн, түүхэн үйл явдал, түүхэн он цаг, түүхэн сургамжийг эхнээс нь ойлгуулаад явахад хүүхэд бүр аяндаа түүхдээ дурлаж, шимтдэг юм байна гэдгийг анзаарсан. Ер нь уншихгүй байгаа хүүхэд тэр хэмжээгээрээ амжилт гаргах нь бага шүү дээ. Нийгмийн ухааны хичээлийн хувьд улс төр, эдийн засаг, социологи, олон улсын харилцаа гэх мэт маш олон судлагдахуунтай. Тэгэхээр суурь ойлголтыг нь хүүхдүүддээ таниулчихвал бие даан уншиж, улмаар багшийн заавар зөвлөгөөг сайн биелүүлж байгаа хүүхдүүд л амжилт гаргаж байгаа юм шиг санагддаг.

-Хүүхдүүдийн амжилтад зөвхөн хичээлийн агуулга бус сэтгэл зүйн дэмжлэг чухал байдаг. Та шавь нартаа ямар урам зориг, дэмжлэг өгдөг вэ?

-Жил ирэх тусам хүүхдүүдийн сурах арга барил эрс өөрчлөгдөж байгааг биеэрээ мэдэрч байна.

Анх багшилж байхад хүүхдүүдийн унших, бие даах чадвар, хариуцлагатай байдал нь сайн байсан бол орчин үеийн хүүхдүүд амархан юманд гомддог, шантардаг болсон байна. Энэ нь нийгмийн хөгжлөө дагаад хүүхдүүдийн сурах арга барил өөрчлөгдөж байгаагийн илрэл байх. Ийм үед нь хүүхдүүддээ урам зориг өгөөд, чадаж байгаа зүйл дээр нь дэмжээд чадахгүй байгаа зүйл дээр нь хэлж ойлгуулах байдлаар тэдэнтэйгээ тулж ажилладаг. Мөн багш хүн сурагчдаасаа суралцаж хамт хөгжиж, тэдэндээ чанартай мэдлэг олгохын тулд уншиж судалж өөрийгөө хөгжүүлэх ёстой.

-Өнөөгийн нийгэмд түүхийн мэдлэгтэй, эх оронч иргэдийг төлөвшүүлэхэд багш хүний үүрэг ямар байх ёстой гэж та боддог вэ?

-Эх оронч сэтгэлгээг ойлгуулахын тулд гэр бүлийн хүмүүжил хамгийн чухал нь байдаг. Эх оронч сэтгэлгээ гэдэг нь том зүйл биш. Хамгийн том соёл бол хүмүүжил, хамгийн том хөрөнгө оруулалт бол боловсрол юм. Түүнчлэн эцэг эхээ хайрлах, байгаль орчинтойгоо зөв харьцах, хүнийг хүндлэх, түүх соёл, өв уламжлалаа танин мэдэхээс эхэлнэ. Харин багш хүний хувьд шавь нартаа зааж болох бүх мэдлэгийг өгөхийг боддог. Тийм учраас Монголын түүхэнд холбогдох жишээ баримтуудыг авах, зарим тохиолдолд өөрийн аялж явсан дурсамжтай холбоотой танин мэдэхүйгхичээлдээ ашиглахад хүүхдүүд маш их сонирхдог доо. Ингэж л тэдний анхаарлыг төвлөрүүлэх маягаар хичээлээ зааж, ойлгуулдаг.

Г.БАЛГАРМАА

Эх сурвалж: Өдрийн сонин


Ж.Бат-Отгон: “Би уншиж байж л амжилтад хүрэх юм байна” гэдгийг хүүхдүүддээ ойлгуулах нь чухал
2025-08-22 02:01:30
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ