ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсын мэргэжлийн боловсрол, сургалтын (МБС) салбарт тусгайлан Коронавирус цар тахлаас сэргийлэхэд үзүүлэх дэмжлэгийг танилцуулах ёслолын арга хэмжээг өнөөдөр Техник Технологийн Политехник Коллеж дээр зохион байгууллаа.
Хүндэтгэлийн ёслолд ХБНГУ-ын Элчин Сайд Ёорн Розенберг, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд А.Ариунзаяа нар оролцож, нэмэлт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулсны зэрэгцээ эхний үр дүн болох МБС-ын Цахим Сургалтын Санг нээв. Уг санг үндэсний хэмжээний 81 МБСБ-ын багш, сурагчид ашиглах боломжтой.
МБС-ын Цахим Сургалтын Сан нь МБС-ын салбар дахь цахим хичээлийн хэрэглэгдэхүүнийг бүгдийг багтааж байршуулсан нэгдмэл сан юм.
Энэхүү дэмжлэгийн хүрээнд МБС-ын салбарт коронавирусээс шалтгаалан үүссэн сорилтуудыг давах, цаашид бэлтгэлтэй байх үүднээс цахим сургалтын боломж, чадавхыг нэмэгдүүлэх, багш нарыг чадавхжуулах, сургалтын байгууллагуудын цахим сургалтад шаардагдах дэд бүтцийг сайжруулах, онцгой байдлын нөхцөлд МБС-ын байгууллагын эрүүл ахуй, ариутгал, халдавргүйжүүлэлтийн дэглэмийг сахиж аюулгүй байдлыг хангах, цаашид хэрэгжүүлэх заавар зөвлөмж боловсруулах, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөөг цахимаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох болон салбарын нэр хүнд, үнэ цэнийг олон нийтэд танилцуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм байна.
Нэмэлт дэмжлэгийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааг Монгол Улсын ХНХЯ-тай хамтран Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл бусад түншлэгч байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.
Германы Засгийн газрын дэмжлэгтэйгээр мэргэжлийн боловсрол, сургалтын цахим санг нээлээ |
|