Бямба, 2024-11-23
"Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулах шийдвэр гаргалаа"

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газраас их, дээд сургуулиудыг орон нутагт сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоолыг албажуулан гаргалаа.

Их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлд үүсээд байгаа түгжрэлийг бууруулахаас гадна хөдөө бүс нутгийн хөгжилд нөлөөлөх асуудал.

Өмнө нь Улаанбаатар хотод байгаа их, дээд сургуулиудын салбарыг аймгуудад байгуулах, нүүлгэх тогтоол гарч байсан ч бодитоор хэрэгжээгүй.

Өнөөдөр Монгол Улсад 88 их, дээд сургуульд 158 мянган оюутан суралцаж байна. Үүнээс 143 мянга нь буюу 92 хувь нь Улаанбаатар хотод суралцаж байгаа бол  нийт оюутны тавхан хувь нь хөдөө байгаа найман их, дээд сургууль суралцаж байгаа юм.

Цаашид хөдөө орон нутагт их дээд сургуулийг хөгжүүлбэл боловсролын чанарт анхаарах зайлшгүй шаардлагатай.

Бид Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд сургалт судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор болгож МУИС, ШУТИС, ХААИС -ийг байгуулах шийдвэр гарч байна.

Ингэхдээ салбарыг биш төв сургуулиудыг байгуулах шийдвэр юм. Шинээр барилга барихгүй бөгөөд тухайн аймгуудад байгаа барилга байгууламж, дотуур байр, хичээлийн байруудыг ашиглаж өргөтгөл хийх замаар сургалт судалгааны цогцолборыг байгуулна.

Ирэх оноос мэргэжлийн боловсролын төв нь Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд ирж байгаа.

Тиймээс Өмнөговь, Эрдэнэт, Дархан-Уулд сургалт судалгааны цогцолборыг байгуулахдаа,

  • Ахлах сургуулийн төрөлжсөн сургууль
  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
  • Их, дээд сургууль гээд төрөлжсөн хэлбэрээр зохион байгуулах шаардлага байна.

Эдгээр аймагт заах сургалтын хөтөлбөр Улаанбаатар хотод давхцахгүй. Ингэснээр 10-15 мянган оюутан орон нутагт суралцах боломжтой болно. Багш нарт орон нутагт ажилласны нэмэгдэл бий болно.

Мөн ирэх оноос хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, цалин урамшууллыг нэмэх, оюутнуудад тэтгэлэг олгож дэмжих шийдвэр гаргалаа" гэв.


"Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулах шийдвэр гаргалаа"
2021-10-20 13:50:55
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0