Бямба, 2024-11-23
Ховд их сургуулийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үйл ажиллагааны арга барилыг өөрчлөх хэрэгтэй гэв

БШУ-ы дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан төрийн өмчийн их сургуулийн удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсэг Ховд их сургууль болон аймгийн МСҮТ-д ажиллалаа. Ховд их сургууль нь өнөөдрийн байдлаар нийт 186 багш, ажилтан, 1000 суралцагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа хойш 39 удаагийн төгсөлт хийж, бакалавр, магистр, докторын хөтөлбөрөөр нийт 12690 гаруй мэргэжилтэн бэлтгэжээ.

 

Тус сургуульд ажиллах үеэрээ БШУ-ы дэд сайд “Хууль, дүрэм зөрчсөн асуудал гаргахгүй байх, сургуулийн дотоод журам, стратеги төлөвлөгөөг шинэчлэн найруулах зэрэг ажлуудыг сайтар боловсруулж ажиллах шаардлагатай байна. Дотоод зөрчлөө арилгахгүй бол цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй. Сургуульд элсэгчдийн тоо буурч байгаа нь сургалтын чанар муу байгаатай холбоотой. Иймд сургуулийнхаа өрсөлдөх чадварын судалгааг гаргаж, түүндээ дүн шинжилгээ хийх шаардлагатай” гэдгийг онцоллоо.

Ховд их сургууль баруун бүсийн судалгааны их сургууль болон хөгжих бүрэн боломж бий. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд салбарын яамны зүгээс бодлогоор дэмжиж ажиллахаас гадна сургуулийн багш, удирдлагууд үйл ажиллагаандаа шинэчлэл хийж, арга барилаа өөрчлөх хэрэгтэйг хэллээ. Тодруулбал:

-  Элсэлтийн тоог 2022-2023 оны хичээлийн жилд 2 дахин өсгөвөл оюутнуудыг боловсролын зээлийн санд хамруулах асуудал дээр бодит дэмжлэг үзүүлэх

-  Санхүүгийн байдал жигдэртэл тогтмол зардлыг тодорхой хугацаанд олгох

-  Багш нарт орон нутгийн нэмэгдэл, 5 жилийн нэмэгдэл, тэтгэвэрт гаргахад өгдөг нэмэгдэл зэргийг хуульд тусгуулан өгдөг болгох

-  Орон нутагт хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрийн тооцоо судалгаа хийж мэргэжилтэн бэлтгэх, багшлах боловсон хүчинг сургахад анхаарах

-  Богино хугацааны хөтөлбөр сургалтыг олгох

-  Цэргийн албан хаагчдад Ховд их сургуулийн багшаар ерөнхий эрдмийн хичээл оруулах

-  Боловсролын багц хууль, Дээд боловсролын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдийг судалж боломж бололцоог алдахгүй ажиллах шаардлагатай байна.

Дээрх саналуудад тулгуурлан ирэх сарын 15 гэхэд хамтран ажиллах санамж бичгийг боловсруулахыг дэд сайд үүрэг болголоо.

Эх сурвалж: БШУЯ

 

Ховд их сургуулийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үйл ажиллагааны арга барилыг өөрчлөх хэрэгтэй гэв
2021-12-07 12:08:30
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0