Бямба, 2024-11-23
НИЙСЛЭЛ ХОТ, БАЯН-ӨЛГИЙН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДИТОЙ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, СУРГАЛТЫН ЧАНАРТ АХИЦ ГАРГАХАД АНХААРНА

Нийслэлийн боловсролын салбарын үйл ажиллагаа чанартай, сайн байж сая Монголын боловсролын салбарын хөгжил, өнгө төрх тодорхойлогдоно. Сайдын хувьд Нийслэл хот, Баян-Өлгийн аймгийн боловсролын үйл ажиллагааг сайжруулахад өөрийн зүгээс биечлэн хяналт тавьж, үүрэг чиглэл өгч, дотор нь орж ажиллана. 2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн боловсролын газар, Баян-Өлгий аймагт 2 удаа биечлэн ажиллаж, 7 хоног бүр удирдлагуудын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгч байгаа.

Монгол Улсын нийт цэцэрлэгийн 46,4 хувь, ерөнхий боловсролын сургуулийн 33,1 хувь, төрийн бус өмчийн цэцэрлэгийн 82,7 хувь, төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 77,7 хувь нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг. Мөн цэцэрлэг, сургуулийн нийт хүүхдийн 47,1 хувь нийслэл хотод суралцаж байгаа бол багш нарын 41,2 хувь нь ажиллаж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022 оныг ЁС ЗҮЙН жил болгон зарлаж, сургууль дахь гадуурхал, дээрэлхэлтийг бууруулж, хүүхэд хамгааллын үйлчилгээнд анхаарах, гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, боловсролын чанарын үнэлгээ, сургалтын чанар, цахим сургалт, хоол үйлдвэрлэл үйлчилгээнд бодитой ахиц гаргах зорилт дэвшүүлж, төлөвлөлт хийж байгаа.

Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг эцэслэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө. Саяхан Баян-Өлгий аймагт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар Та бүхэнд мэдээлж байсан. Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч С.Ханоев тэргүүтэй ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, БЕГ, БХ, БҮТ-тэй хамтран 5 үндсэн чиглэл бүхий 31 үйл ажиллагааг тусгасан ажлын төлөвлөгөөг эцэслэлээ...

Баян-Өлгий аймгийн боловсролын салбарт 2022 онд бодитой шинэчлэл өөрчлөлтүүд хийгдэж, сургалтын чанарт 10-20 хүртэлх хувийн ахиц гаргах, Багш нарыг ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар сонгон ажиллуулж, мэдлэг ур, чадварыг сайжруулахад цахим платформ, нээлттэй эх үүсвэрүүдийг ашиглах төсөв санхүүгийн эх үүсвэрүүдийг тусгалаа. Бага ангийн сурагчдын монгол хэлний чадварыг хөгжүүлэхэд мэргэжлийн багш нарын дэмжлэг оролцоог авах, эцэг эхийн сонголтоор цэцэрлэг, сургуулиудад монгол хэл дээрх сургалтыг зохион байгуулж, уян хатан зохицуулалт хийнэ.

Боловсролын газар, зарим цэцэрлэг, сургууль, дотуур байранд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн хангалтыг хийж, сургалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Энэ оны 2 дугаар сард багтаан Баян-Өлгий аймаг дахь багшийн сургуулийн МУБИС-ийн харъяанд шилжүүлж, Удирдах зөвлөлийн хурлаар бүтэц, орон, стратегийн хөтөлбөрийг хэлэлцэн батална. Мөн тус сургуулийг түшиглэн багшийн тасралтгүй хөгжлийн төв, хос хэлний судалгааны төв, ахлах сургуулиудыг байгуулж, цогцолбор байдлаар хөгжүүлэх бодлогыг баримтална.

 


НИЙСЛЭЛ ХОТ, БАЯН-ӨЛГИЙН АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БОДИТОЙ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ, СУРГАЛТЫН ЧАНАРТ АХИЦ ГАРГАХАД АНХААРНА
2022-01-28 11:49:15
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0