2019-2020 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын төлөвлөсөн үйл ажиллагаа 20 өдрөөр тасрахад хүрч байгаа учраас III улирлын амралтаас 7 хоногийг хасаж, 5 удаа бямба гарагт хичээллэн нөхөх шийдвэр гарчээ.
Хуваарийн дагуу нэг телевизээр нэг ангийн л хичээл гарах бөгөөд теле хичээлийг тэргүүлэх зэрэгтэй 170 багш заана.
Нийт 18 телевизээр теле хичээлийг нэвтрүүлнэ. Түүнчлэн зөвхөн теле хичээлүүдийг нөхөж үзэх боломжтой байдлаар оруулж байгаа ажээ.
Багш нар сурагчидтайгаа цахимаар харьцах гэж заасан байгаа ч тэр нь фэйсбүүк биш учир хүүхдүүдэд хаяг нээж өгөхгүй байхыг БСШУСЯамнаас анхааруулж байна.
Харин их, дээд сургуулиудын хичээлийг зогсоосон бөгөөд хөдөө орон нутгийн оюутнууд Улаанбаатар руу ирэхгүй байх, оюутны байранд байгаа оюутнуудын халдвар хамгаалал, ариун цэврийг сахих зөвлөмжийг өгөөд байгаа аж.
Спортын бүх төрлийн тэмцээн, наадмыг зогсоож, олон улсын хэд хэдэн тэмцээний хугацааг хойшлуулсан. Харин үндэсний шигшээ багийн бэлтгэл хэвээр үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын багтай хийх хамтарсан хоёр бэлтгэлийг цуцалжээ.
Соёл урлагийн салбарын бүхий л тоглолтыг зогсоосон бөгөөд уран бүтээлчид бэлтгэл сургуулилт хийх боломжтой.
Салбарын сайд сурагчдын амралт биш хөл хорио гэдгийг анхааруулаад олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг санууллаа. Багш нар ч мөн адил амарч байгаа юм биш байгаа газраасаа хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах ёстой гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг онцоллоо.
Ё.Баатарбилэг: III, IV сард 5 долоо хоног бямба гарагт хичээллэж, багш нарт илүү цагийн мөнгийг олгоно |
|