Ням, 2024-11-24
Арабын таван орны сайд нар Амманд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа

АММАН, 2023 оны арваннэгдүгээр сарын 5 /VOA/. Египет, Иордан, Катар, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Саудын Арабын Гадаад хэргийн сайд нар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй Амман хотноо уулзлаа.
Э.Блинкен бүслэлтэд байгаа Газын зурвасын оршин суугчдад тусламж үзүүлэхийн тулд Израил, ХАМАС-ын дайныг түр зогсоохыг Вашингтон дэмжиж байгааг дахин илэрхийлэв.
Амман хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр мэдэгдэхдээ, энгийн иргэдэд тусламж хүргэх ажлыг түргэвчлэх шаардлагатай байна. Үүний тулд хүмүүнлэгийн үүднээс гал зогсоох ёстой гэж бид үзэж байна. Хүмүүнлэгийн үүднээс гал зогсоох нь энгийн иргэдийг хамгаалах, тусламж хүргэх, гадаадын иргэдийг татан авах хамгийн чухал механизм болж чадахын зэрэгцээ Израил улсад ХАМАС-ыг устгах зорилгодоо хүрэх боломжийг олгоно гэж үзэж байна гэлээ. 
Дээрх асуудал баасан гарагт Израилд хийсэн Э.Блинкений яриа хэлэлцээний гол асуудлуудын нэг байсан боловч энэ сана нь Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн хурц шүүмжлэлд өртсөн байна. Израилын Ерөнхий сайд мэдэгдэхдээ, аравдугаар сарын 7-ны халдлагын үеэр барьцаалсан Израилын болон гадаадын 240 гаруй хүнийг суллахаас нааш ХАМАС-тай "түр зуур эвлэрэхийг" зөвшөөрөхгүй гэжээ. 
Иорданы Гадаад хэргийн сайд Айман Сафади мөн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "Энэ дайн бүс нутагт шударга энх тайвныг тогтоохын тулд хийсэн бүхнийг сүйтгэхийг бид зөвшөөрч болохгүй" гэв.  Тэрбээр "бүс нутагт үе дамжин үргэлжилж болзошгүй сүйрлийг зогсоохын тулд" бүх талыг хамтран ажиллахыг  уриаллаа.
Уг уулзалтын дараа Иорданы хаан II Абдулла Э.Блинкентэй уулзсан байна. Тэрбээр "Газын зурваст тусламж хүргэх ажлыг үргэлжлүүлэхийн тулд дайныг зогсоож, хүмүүнлэгийн эвлэрэл тогтоох шаардлагатай байгааг" цохон тэмдэглэлээ гэж Иорданы хааны ордон мэдээлжээ. "Палестин-Израилын мөргөлдөөнийг зогсоох цорын ганц арга зам бол Палестин улс Израилтай зэрэгцэн орших хоёр улсын шийдэлд суурилсан шударга, цогц энх тайвныг тогтоохын тулд улс төрийн хүрээ бий болгохын төлөө ажиллах явдал юм" гэж II Абдулла онцлон тэмдэглэсэн байна.
Египетийн Гадаад хэргийн сайд Самех Шукри нэн даруй, бүрмөсөн гал зогсоохыг уриалсан байна. Тус улс нь гадаадын иргэдийг Газын зурвасаас гаргах, тус зурвас руу тусламж хүргэх цорын ганц гарц болж байгаа юм. 
"Египет улс Газын зурваст үзүүлэх тусламжийг хүлээн авах, хүргэх, мөн шархадсан энгийн иргэдийг эмчлэхэд туслахын тулд боломжтой бүхнийг хийж байна. Тиймээс би Газын зурваст ямар ч болзол, хязгаарлалтгүйгээр нэн даруй, бүрмөсөн гал зогсоох нь чухал болохыг онцлон тэмдэглэж байна" гэж С.Шукри хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.
 
Д.Жаргал

Арабын таван орны сайд нар Амманд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай уулзлаа
2023-11-05 14:08:20
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0