БНСУ-д лхагва гарагт шинэ төрлийн коронавирусний халдварын 15 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүмүүсийн тоо 46 хүрчээ. Уг амьсгалын замын өвчин хөл хорионы хатуу арга хэмжээнүүдийг үл харгалзан улс даяар тархаж болзошгүй хэмээн олон нийт санаа зовниж байна.
"Шинээр халдвар авсан хүмүүсийн 13 нь Сөүл хотоос зүүн өмнөд зүгт 300 километрт оршдог Тэгү хотын оршин суугчид байна. Тэднийг “COVID-19” вирусээр халдварласан болох нь мягмар гарагт тогтоогдсон БНСУ-ын иргэн, 61 настай эмэгтэйгээс халдвар авсан хэмээн таамаглаж байна" гэж Солонгосын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.
БНСУ-д коронавирусээр халдварласан 31 дэх өвчтөн мөн тус хотод амьдардаг бөгөөд түүнийг маш олон хүнд халдвар тараасан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Уг эмэгтэй энэ сарын 10-наас халуурч эхэлсэн бөгөөд Тэгү хотын Эрүүл мэндийн төвд даваа гарагт шинжилгээ өгчээ. Уг өвчтөн өнгөрсөн сард автомашины осолд орсны улмаас Сөүл хотод ирж, эмнэлэгт эмчлүүлсэн бөгөөд өдөр тутам нийтийн тээврийн хэрэгслээр зорчжээ.
Мөн БНСУ-ын 20 дахь өвчтөний /энэ сарын 5-нд халдвар авсан нь тогтоогдсон/ 11 настай охин болон 77 настай эрэгтэй вирусний халдвар авсан гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Уг эрэгтэйг гадаадын орон руу зорчоогүй болохыг тогтоосон байна. Шинээр халдвар авсан хүмүүсийг хөл хорионд оруулан эмчилж байгаа аж.
БНСУ-д лхагва гарагийн өглөөний байдлаар вирусний шинжилгээ авч, хөл хорионд оруулсан хүмүүсийн тоо 1030 хүрсэн байна. Уг тоон үзүүлэлт мягмар гарагт 818 байжээ. БНСУ-д өнгөрсөн нэгдүгээр сарын 3-наас хойш 10411 хүнээс шинжилгээ авснаас 9335-ийнх нь хариу сөрөг гарсан бол 12 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мягмар гарагт мэдээлэхдээ, вирусээр халдварласан зарим тохиолдол одоогийн тархалттай холбогдохгүй байгаа тул манай улс “шинэ үе шатанд" шилжиж байна гэжээ. Энэ нь “COVID-19” вирусээр халдварласан зарим өвчтөн гадаад руу аялаагүй, халдвар авсан өвчтөнүүдтэй ойр байгаагүйтэй холбоотой аж. Мөн вирусний халдвар авсан зарим өвчтөн ямар замаар халдварласан нь тодорхойгүй байгааг холбогдох албаны төлөөлөгчид нотолжээ.
"Манай улс хилийн чанадаас ирэх зорчих хөдөлгөөн болон дотоодын хөл хорионы хяналтаа чангатгах шаардлагатай" гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Жун Юн Кён мягмар гарагт хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
БНСУ-д коронавирусний халдварын 15 шинэ тохиолдол бүртгэгджээ |
|