СӨҮЛ, 2023 оны арванхоёрдугаар сарын 27 /BBC/. Оскарын шагналт “Шимэгч” уран сайхны киноны дүрээрээ олонд танигдсан Өмнөд Солонгосын жүжигчин И Сун Кюн нас барсан байдалтай олдсон тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд цагдаагийн байгууллага дахь эх сурвалжаас эш татан мэдээллээ.
48 настай тэрбээр лхагва гарагт Сөүл хотын төвд байрлах нэгэн цэцэрлэгт хүрээлэнд машин дотроо ухаангүй байдалтай олдсон гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. Жүжигчин амиа егүүтгэсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
И Сун Кюн энэ оны 10 дугаар сараас хойш мансууруулах бодис хууль бусаар хэрэглэсэн хэргээр шалгагдаж байсан юм. Тэрбээр өөрийг нь хууран мэхэлж мансууруулах бодис хэрэглүүлсэн гэж мэдүүлж байжээ. Тэрбээр “Шимэгч” кинонд чинээлэг гэр бүлийн өрхийн тэргүүн Пак Дун Икийн дүрд тоглосон юм. Тус кино 2020 оны Оскарын наадмаас дөрвөн шагнал хүртсэн бөгөөд “Шилдэг кино” шагналыг хүртсэн анхны гадаад хэлээрх кино болсон билээ.
Э.Хулан
“Parasite” киноны жүжигчин И Сун Кюн нас баржээ |
|