Ням, 2024-11-24
Украин: Агаарын терророор залхаах тактик сонгов

Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа 684 өдөр шөнө тасралтгүй үргэлжилж, гурав дахь жил рүүгээ дөхөж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдом ТВ, unian.net/war/ сайт, Радио Донбасс Реалии, Оросын Төрийн Думын гишүүн асан, дуурийн нэрт дуучин Мария Максакова, украины агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Игнат нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. 

 

Оросын агаарын ба сансрын цэргийн хүчний шинэхэн түүхэнд цусан зам татуулсан террорист халдлага гэж тэмдэглэгдэн үлдэх, хожим оросууд нь ичиж үхэхээр тийм алхмуудыг Орос хийсээр байна. Үүнийг агаарын байлдааны ялалт гэж нэрлэхгүй. Кремлийн суртал нэвтрүүлэгчид бол ялалт гээд ичих нүүргүй хэдийнээ нэрлээд сурталчлаад эхэлсэн. 

Үнэнд гүйцэгдээд түүндээ хорсоод олон зуун пуужин Украины хотууд руу харвасан, гэвч энэ тэнэглэлийг ойлгох ухаарах орос хүн олон бий хэмээн Төрийн Думын гишүүн асан, дуурийн нэрт дуучин Мария Максакова ТВ-ээр ярьжээ. Гэхдээ оросуудын ихэнхи нь Украины хотуудыг бөмбөгдөхийг ердийн байдаг л үзэгдэл гээд ойлгочихсон, ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Оросын ард түмнийг нэгтгэн зангидахын тулд дайсан, чөтгөрийн эрэлд гарчихсан, тийм чөтгөр мангастай Путин амжилттай тулалдаж буй хэмээн оросууддаа итгүүлэхийг оролдож байна. Орост бүх нийтийн дайчилгаа зарлахын өмнөх урьдчилсан бэлтгэл, тархи угаалт нь одоогийн энэ их агаарын атак болчихлоо хэмээн тэрээр ярьж байв.
 
Нийт 5 өдөрт 450 пуужин, дрон, беспилотникоор Украин руу халдлага хийсэн түүх бичигджээ. Орос-Украины дайны бүх түүхийн туршид ОХУ нь анх удаа нэгэн зэрэг хэдхэн цагийн дотор 158 пуужин, дроноор Украины хотуудыг агаараас довтолсон нь дэлхий дахины анхаарлын төвд байсаар байна.
 
Ганц өдрийн гамшигт энэ явдал 12 дугаар сарын 29-ний үүр шөнөөр тохиожээ. Дүгнэлтүүдийн ихэнхи нь оросын агаарын цохилт эрээгээ барсан, аргаа барсан, хулчгар, бас харгис тэнэгийн жишээ гэж дүгнэсэн бол Путин өөрөө хоёр оны зааг дээр ичих нүүргүй худлаа ярьж, Украины хотууд, орон сууцны хорооллууд, иргэний байгууламжууд руу хоёр жилд ганц ч бөмбөг хаяагүй гэж мэлзэв. Орос юу хүсэв гэвэл “Болиод өгөөч ээ, одоо больё, бууж өглөө” гэж украинчууд уулга алдтал нь, ард түмэн нь эрх баригчдаа барьж идтэл хилэгнэн босч ирэхийг л хоёр жил хүлээн ийнхүү тэнэгтэн байлдаж байна. “Гал зогсоохгүй бол ингэж хашраана” гэсэн муйхар терророо Путин тавьдаггүй. “Фронт дээр ялахгүй бол яадаг юм, хохь чинь” гэдэг адгууслаг махчин төрхөө хоёр оны зааг дээр ийнхүү бүр ч тод мэдрүүллээ.  
 
 
Арванхоёрдугаар сарын 29-ний өглөөний тухайд нарийвчилсан мэдээлэл байна. Оросууд эхлээд “Шахед” гэх 36 дроноор харважээ. Шөнийн 3 цагийн орчимд стратегийн Ту-95МС бөмбөгдөгч онгоцуудаа агаарт хөөргөж өглөөний 6 цаг гэхэд Х-101/Х-555/Х-55ра гэх 90 гаруй далавчит пуужин харважээ. Курск мужаасаа өглөөний 5 цагт алсын зайн Ту-22М3 бөмбөгдөгч онгоцоо нисгэж Х-22/Х-32 гэх 8 далавчит пуужин харважээ. Хуурай газраас Харьков руу зенитийн С-300 залуурт пуужин харважээ. Эзлэгдсэн Крым, мөн оросын Курск, Белгород мужаас С-300/С-400/Искандер-М гэх 14 баллистик пуужин харважээ. Өглөө 7 цаг гэхэд Астраханиас хөөргөсөн МиГ-31К гэх 5 сөнөөгч онгоцноос Х-47М2 Кинжал гэх 5 пуужин харважээ. Тактикийн авиацын Су-35 онгоцноос Х-31П гэх 4, Х-59 гэх нэг пуужин харважээ. Пуужингууд Киев, Харьков, Одесс, Днепр, Львов, Запорож хотод очиж дэлбэрсэн ба нийт 158 пуужин дроных нь 114-ийг устгасан, украины энгийн иргэдээс 20 хүн амиа алдсан дүнтэй өнгөрчээ. Юрий Игнатын ярьснаар Оросын Белгород хот украины агаарын дайралтад өртсөн, цаашдаа дайн ОХУ-ын нутаг дэвсгэр рүү шилжихээр байгаа, Оросын хотуудад цохилт өгч магадгүй аж.
 
Крым дэх оросын цэргийн байршил, командын байр, флот руу украины арми өдөр бүр халдаж байна. Фронтын байдал Орост тун ээлгүйгээр шинэ оныг угтав. Путины “Давшаад!” гэх тушаал энд тэндгүй бүтэлгүйтэн байна. Олон арван удаагийн давшилт бүгд няцаагдав. Чөлөөлчихлөө гээд Шойгу Путинд илтгээд байсан Донецк мужийн Марьинк, Новомихайловкод украины цэрэг хориглон хамгаалж, харин ч хэд хэдэн удаагийн атакийг няцааж оросуудыг ухраав. Купянскийн чиглэлд Синьковк, Петропавловкад оросын цэрэг бүтэлгүй давшаад няцаагдав. Бахмутын чиглэлд Богдановк, Клещиевк, Андреевкад украины хориглолтыг сэтлэх гээд няцаагдав. Шахтерск, Лиманы чиглэл, Запорожийн чиглэлд Работинод хэд хэдэн атак няцаагдав, оросууд алдсан байрлалаа буцааж авах гээд бүтэлгүйтэв, хоногтоо 800-1000 цэргээ алдав гэсэн мэдээ тасрахгүй ирж байна. Ийм нөхцөлд оросын чаддаг ганц нь агаараас алсын зайнаас стратегийн хүнд бөмбөгдөгчөөр хотууд руу пуужиндах, фронтод бол тэгж чадахгүй, оросоос ирэх бүх пуужин дрон агаартаа дэлбэрнэ. Яагаад бүтэн хоёр жил байлдаад ялахгүй байна, ялалт хэзээ вэ гэдэгт оросууд цөхрөлийн, эцсийн үгээ хэлэхэд бэлэн болжээ. Орос иргэдийн ихэнхи нь Путин, дайн хоёроос залхсан, мөртөө тонилоосой гэсэн байр суурьтай байна.
 
 
Үүнтэй холбогдуулан “Чамайг заавал алж устгана!” гэсэн хүнтэй ХЭЛЭЛЦЭЭ хийх бололцоо бий юү гэдэг асуултыг Оросын пуужин дроны зэрлэг довтолгооны дараа улс орнууд дахин тавьж шуугив. ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд хатагтай А.Бербок хэлж байжээ:–Хэлэлцээ хийх замаар дайныг зогсоох боломжийг бид олж харахгүй байна. Бид танай орныг дээрэмдэнэ, танай иргэдийг бид захирна, харин Та нар дараа нь үүнд гарын үсэг зурна. Ийм л хэлэлцээ шүү дээ гэжээ. АНУ-аас Украинд суугаа Элчин сайд Брижит Бринк ОХУ-ын энэ тэнэглэлийг “Эрх чөлөөгөө хамгаалах украинчуудын зориг шийдлийг дарангуйлагч Владимир Путин улам бэхжүүлчихлээ” гэж дүгнэв. “Путин ард иргэдийг алж шархдууллаа. Мянга мянган хүмүүсийн эрчим хүч дулааныг эвдэж сүйтгэлээ. Энэ үндэстний зориг зүрхийг эвдэж үгүй хийхийг оролдлоо. Гэвч эрх чөлөөгөө хамгаалах украинчуудын эр зориг, зориг шийдлийг тэр нөхөр бүр ч бэхжүүлчихлээ. Бидэнд Украиныг дэмжихээс өөр ямар ч зам үлдсэнгүй гэж хатагтай Б.Бринк хэлжээ. АНУ-д суугаа Украины Элчин сайд Оксана Маркарова:–Оростой энх тайван ярих гэж байгаа бол хүчээр л ярих хэрэгтэй. Путин бол алж талахад бэлэн байдаг хүн, ярилцахад бэлэн биш хүн гэжээ.
 
 
Орост эмэгтэйчүүд, бүсгүйчүүлийн тэмцэл зогсохгүй үргэлжлэхээр болжээ. Зарим нэг тандалтаар хүн амын 43% Путинг дэмжиж магад, гэхдээ энэ тоо буурахаар байдалтай байгаа дүн гарчээ. Плакатны дээдэх тайлбар байдал бишдэж байгааг харуулав. “Путин чи өөрөө фронтод явж үх” гээд биччихсэн мэдээ оросын нэг сайтад явж байна. Ийм плакат лоозон, уриа Орост өргөжин тэлбэл зэвсэглэсэн “НКВД, КГБ, ФСБ-чид” эх орондоо хичнээн харгислаад нэмэр болох уу? Зэвсэглэсэн “НКВД, КГБ, ФСБ-чдийг” эх орондоо байгаа эзлэн түрэмгийлэгчид хэмээн Жириновский дээхнэ үед нэрлэж байсныг эргэж сануулъя.
 
Эзлэгдсэн Донбассын нутаг дэвсгэрт 2023 онд онцлох 5 үйл явдал өрнөснийг дараахи байдлаар гаргажээ.
 
1.Паспортчилол–Оросын паспортын араас үхэлдүүлсэн, өрсөлдүүлсэн албадлага явагджээ.
2.Нийгмийн халамжинд Оросын тэтгэврийн систем орос рублиэр нэвтрүүлсэн нь хөгшчүүлийг бужигнуулжээ. 
3.Юмны үнийн өсөлт–хүнс, бензин, нефть, газны үнэ өссөн, үнийн өсөлт Москвагийн түвшинд очсон ба цаашдаа ч амьдрал ахуй дордохоор байна.
4.Дайчилгаа, цэрэг татлага-амиа хорлосонтой адил хэмээн олонхи донбассчууд үздэг болжээ.
5.Цэргийн цензур тогтоосон. Утас чагнаж байна, интернэтийг нь хаасан, цаашдаа ч чангална. Украинаас нь бүх хэлхээ холбоо, харилцааг нь таслана гэжээ. 
 
 
Үүнтэй холбогдуулан Оросын албан ёсны суртал нэвтрүүлэгч Владимир Соловьевын хэлснийг зургаар үзүүлье. УИХ-ын гишүүн асан нэг эрхэм жиргэжээ. “Монголчууд бол Украины фронт дээр ясаа тавьж байвал таарах хойд солонгостой адил заяатай ард түмэн” гэчихжээ. Уншигчид өөрсдөө дүгнэлтээ хий.
 
англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
 
 
 

 

 


Украин: Агаарын терророор залхаах тактик сонгов
2024-01-08 10:00:49
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0