Пүрэв, 2024-11-21
Хятад автомашин дэлхийн 200 гаруй улс оронд экспортлогдож байна

Ойрын өдрүүдэд Хятадын Шаньдун мужийн Яньтайн боомтоос аялалд гарсан нэгэн том оврын ачааны хөлөг онгоц дэлхий нийтийн анхаарлыг татаад буй. Энэ усан онгоцыг Хятад улсын хөлөг онгоцны үйлдвэр үйлдвэрлэсэн бөгөөд мөн өөрсдийн үйлдвэрлэсэн автомашиныг экспортлоход тусгайлан ашиглах авто машин тээвэрлэлтийн анхны усан онгоц юм. Уг усан онгоц Шэньжэниэс 7000 авто машин дүүртэл ачсаныхаа дараа Европ тивд хүрэх ажээ. Энэ тухай Америкийн "Ассошиэйтэд пресс" агентлаг, “Хятад улсын автомашины экспорт нэмэгдэхийн хэрээр энэ нь Хятад улсын автомашин үйлдвэрлэгч компаниуд гадагшаа хөгжих шинэ зам шугамыг нээж өгсөн байна” гэж бичсэн байна.

 

Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Өдгөө Хятад Улсын автомашин дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутагт экспортлогдож байна. Хятад улсын авто машины аж үйлдвэрлэлийн нийгэмлэгээс энэ сарын 11-нд гаргасан тоо баримтаас авч үзвэл 2023 онд Хятад улсын авто машин үйлдвэрлэсэн, борлуулсан хэмжээ тус тус 30 саяыг давж, 15 жил дараалан дэлхийд тэргүүлжээ. Үүнд, 4 сая 910 мянган авто машин экспортолсоны дотор сэргээгдэх эрчим хүчний авто машин 1 сая 203 мянга байгаа нь машины хэмжээний 1/4-ийг эзэлж байна.

“Энэ нь Хятад улс нэгэнтээ Японыг давж, авто машины экспортын дэлхийн хамгийн том орон болсоныг харуулж байна” гэж Японы мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн. Мөн "Ройтерс" агентлаг зэрэг олон улсын нэр хүндтэй мэдээллийн хэрэгслүүд, энэ нь Хятад улс “авто машины том орон”-оос “авто машины хүчирхэг гүрэн” болоход хийсэн чухал алхам болсон бөгөөд дэлхийн авто машины үйлдвэрлэлийн салбарын төлөв байдалд том чухал өөрчлөлт бий болсныг харуулж байна гэж тэмдэглэжээ.

 

Дэлхий нийтээрээ юуны учир Хятадын авто машиныг үнэлэн, сонгох болсон бэ? Энэ тухай судлаачид: "Юун түрүүнд сүүлийн жилүүдийн Хятад улсын авто машины гүйцэтгэл, чанар тасралтгүй сайжран, дэлхийн маш олон хэрэглэгчдийн таашаалыг хүлээж буйтай холбоотой. Ялангуяа Хятад улсын бие даасан брэндүүд технологийн инновацид түшиглэн, сэргээгдэх эрчим хүчний авто машины хэрэглээг нэмэгдүүлэх боломжийг эзэмшиж, олон улс дахь зах зээлээ улам тэлж, авто машины экспортоо нэмэгдүүлж байна гэв.

АНУ-ын Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом өнгөрсөн жилийн 10 дугаар сард Хятадад айлчлахдаа Хятадын сэргээгдэх эрчим хүчний авто машиныг тусгайлан туршин барьж үзсэн юм. Уг технологитой танилцсаныхаа дараа тэрбээр эрхий хуруугаа гарган магтаж, “Энэ үнэхээр миний төсөөллөөс давсан зүйл, бид ямар нэгэн аргаар энэ загварын машиныг Америкт оруулах ёстой” гэж байсан юм. Японы сурвалжлагч Такэда Казуаки, "Өнөөдрийн Хятад улсын авто машиныг өнгөрсөн зууны 90-ээд оны үед харж байсантай харьцуулахад бүрмөсөн өөрчлөгдөж “машины гадар үзэмж нь орчин үеийн, хурд авах нь маш сайн бөгөөд аюулгүй жолоодлогын системээр тоноглогдсон байна” гэжээ.

Бүтээгдэхүүний чанар сайн, үнэ хямдаас гадна технологийн шинэчлэлт, глобал зохион байгуулалтыг хурдасгахыг урт хугацаагаар баримталсаар ирсэн нь Хятадын авто машины компаниудын амжилтад хүрсний гол шалтгаан болсон юм. Хятадын Оюуны өмчийн үндэсний товчооны сүүлд гаргасан тоо бүртгэлээс харахад, тус улсад сэргээгдэх эрчим хүчний авто машины борлуулалтаар эхний аравт орж буй гол гол компаниудын олон улсад хүчин төгөлдөр бүхий патентын тоо нь 100 мянгаас давсан бөгөөд жилээс жилд улам хурдан өсөх хандлагатай байна. BYD компанийн Брэнд, олон нийттэй харилцах газрын ерөнхий менежерийн туслах Лүө Хао хэлэхдээ, “Манай компани сэргээгдэх эрчим хүчний авто машины үйлдвэрлэлийн бүх системийн гол цөм болсон технологитой бөгөөд судалгаанд гэхэд л нийт 100 гаруй тэрбум юань зарцуулсан. Эдүгээ компанийн сэргээгдэх эрчим хүчний авто машиныг дэлхийн 59 улс орон, бүс нутагт борлуулж байгаа бөгөөд ноднин Таиланд, Бразилын цахилгаан хөдөлгүүрт авто машины борлуулалтад тэргүүлсэн юм” гэв.

 

Үүнээс гадна бүрэн гүйцэд үйлдвэрлэлийн ба, нийлүүлэлтийн систем нь Хятад улсын авто машины өрсөлдөх чадварыг дээшлүүлсэн гэж болно. Хятад улсын суудлын машины зах зээлийн мэдээллийн нэгдсэн хурлын нарийн бичгийн дарга Цүй Дуншу, "Дэлхийн эдийн засаг буурсан орсон хийгээд Орос, Украины мөргөлдөөн зэргийн нөлөөллөөр эдүгээ олон улс дахь авто машин үйлдвэрлэгчдийн нийлүүлэх чадвар зохих хэмжээгээр суларсан байна. Харин Хятадын авто машины үйлдвэрлэлийн систем “КОВИД-19” цар тахлын дараа маш хурдан сэргэсэн гэв. “Нью Йорк таймс” зэрэг мэдээллийн хэрэгсэл бичихдээ, авто машины экспортын хамгийн том орон болсон нь Хятад улсын үйлдвэрлэлийн салбарын хүчин чадлыг харуулж байгаа бөгөөд тус улсын бүтээгдэхүүний чанарт батагаажуулалт хангасан гэжээ.

Хятад Улс маш олон авто машин экспортолж буй нь дэлхийн хэрэглэгчдэд чанар сайн, хямд бараа авчирж буйн зэрэгцээ тухайн нутгийн эдийн засаг, холбогдох аж үйлдвэрлэлийн хөгжилд дэмжлэг болж байна. Geely группын дэд ерөнхий захирал Ян Шюэлян, 2017 онд тус компани Малайзын авто машины “PROTON” брэндэд хувьцаа нийлүүлж, хоёр жилийн хугацаа зарцуулж, энэхүү 40 жилийн түүхтэй авто машины брэнд өмнө нь алдагдалтай байсныг ашигтай болгон хувиргаж, хөгжлийн шинэ эрч хүчээр сэлбэсэн. 2023 онд, “PROTON” брэндийн машины борлуулалт 2022 оныхоос 9.3 хувиар нэмэгдэн, 2012 оноос хойших хамгийн сайн амжилтыг бүтээж, Малайзын зах зээл дэх борлуулалтад таван жил дараалан хоёр дахь байрыг тогтвортой хадгалж ирсэн тухай дурьдлаа.

Үүний зэрэгцээ, Хятад улсын сэргээгдэх эрчим хүчний авто машин дэлхийн хэрэглэгчдийн гарт очиж, улс орнуудын ногоон хөгжлийн өөрчлөлтөд хувь нэмэр оруулж байна. “Хятад улсын ногоон худалдааны хөгжлийн тайлан (2022)”-гаас харахад, 2021 онд тус улсын ногоон худалдааны нийт хэмжээ 1 их наяд 161.09 тэрбум ам.доллар хүрсэн нь ногоон худалдааны дэлхийн эхний том эдийн засгийн цогц болжээ. Хятад улс инноваци, зохицуулалт, ногоон, нээлттэй, хамтдаа хуваалцах хөгжлийн шинэ үзэл ойлголтыг баримталж, Хятад улсын үйлдвэрлэлийн байр суурийг улам дээшлүүлж, экспортын худалдааны бүтцийг сайжруулж, дэлхийн эдийн засгийн ногоон өөрчлөлтийг дайчлан дагуулах болно гэж зарим шинжээч үзэж байна.

 

2024 онд Хятад улсын авто машин үйлдвэрлэгч бизнес нэгжүүд хилийн чанадад 5 сая авто машин борлуулах төлөвтэй бөгөөд Зүүн Өмнөд Азийн зэрэг хөгжиж буй орнуудад эрэлт хэрэгцээ ихтэй байна. Энэ нь авто машины экспортоороо дэлхийд тэргүүлж буй Хятад улсын байр суурийг улам бэхжүүлэхийн зэрэгцээ улс орнуудад илүү олон ашигтай боломжийг бий болгоно гэж банк санхүүгийн UBS корпораци сүүлд гаргасан таамаглалдаа дурьдсан" гэжээ.

 

Г.Бямба


Хятад автомашин дэлхийн 200 гаруй улс оронд экспортлогдож байна
2024-01-15 09:58:54
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ