Исламын Бүгд найрамдах Иран улсын ерөнхийлөгч Эбрахим Райси 63 насандаа нисдэг тэрэгний ослоор амь үрэгдлээ. Мөн нисдэг тэргэнд хамт зорчиж явсан Ираны Гадаад хэргийн сайд, Зүүн Азербайжан мужийн захирагч болон бусад албаны хүмүүс бүгд амь үрэгдсэн байна. Одоогоор ослын шалтгааныг бүрэн тодруулаагүй, цаг агаарын таагүй байдал нөлөөлсөн байж болзошгүй урьдчилсан таамгийг л гаргаж байна. Ерөнхийлөгч агсан Раисигийн үйл хэрэг, бодлогыг үргэлжлүүлэн, төрийн ажил саадгүй явах болно гэж Ираны засгийн газраас мэдэгдлээ. Мөн тавдугаар сарын 20-нд Ираны дээд удирдагч Аяатолла Аль Хаменей дэд ерөнхийлөгчид төрийн эрх мэдлийг шилжүүлж, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Иран улс орон даяар 5 хоногийн гашуудал зарлаж байна.
Ерөнхийлөгч Раиси, Гадаад хэргийн сайд Абдуллахиан нар Азербайжаны хилийн ойролцоо усан цахилгаан станцын цогцолбор нээх ёслолд Азербайжаны Ерөнхийлөгч Алиевын хамт оролцоод буцаж явахдаа осолдсон. Өчигдөр Ираны хойд бүсийн Зүүн Азербайжан мужид өртөн манантай, бороотой байснаас ерөнхийлөгчийн нисдэг тэрэг осолдсон байж магадгүй гэж албаныхан нь урьдчилан таамаглаж байна. Одоо Иранд үндсэн хуулийн дагуу төрийн эрхийг дээд удирдагчийн зөвшөөрөлтэйгөөр дэд ерөнхийлөгч нь хүлээж авах ёстой. Ингээд 50 хоногийн дотор Ираны ард түмэн шинэ ерөнхийлөгчөө сонгох юм байна. Иран улсын төрийн дээд эрх мэдэл ерөнхийлөгчид бус шашны дээд удирдагч Хаменейд төвлөрдөг онцлогтой.
Исламын Бүгд найрамдах Иран улсын иргэд "Райси Ерөнхийлөгч бол мэдээж манай улсын алдартай хүн байсан, түүнийг орлоход тийм ч амар биш байх аа. Тэрний орон зай үргэлж мэдрэгдэнэ гэж би хувьдаа бодож байна. Гэхдээ хүмүүс түүнтэй адил замаар явах хүнийг сонгоно гэдэгт итгэж байна” хэмээн ярилаа.
Исламын Бүгд найрамдах Иран улсын иргэд “Би ирээдүйгээ өөдрөгөөр харж байгаа, бидэнд ямар нэгэн онцгой асуудал тулгарахгүй гэж бодож байна. Хэдийгээр дайснууд дарамт шахалт үзүүлж байгаа ч манай улс ямар ч сорилтыг даваад гарах чадалтай" гэдгийг онцоллоо.
Райси 2021 оны 6-р сард Исламын бүгд найрамдах Иран улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Дотоод бодлогын хувьд хатуу чиг шугам баримталдаг, тухайлбал 2022онд исламын шашны дэг жаяг зөрчсөн эмэгтэйн цаг бусын үхэлд төр засгаа эсэргүүцсэн олон нийтийн жагсаалыг хүчээр дарсны улмаас ард түмнээсээ болон олон улсаас шүүмжлэл хүлээж байсан. Райси нь Ираны шашны дээд удирдагч Аятолла Аль Хаменейг залгамжлах гол хүний нэгд тооцогддог байсан юм.
Иран улс Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нар амь үрэгдсэнтэй холбогдуулан тав хоногийн гашуудал зарлалаа |
2024-12-12 11:41:34
2024-12-12 11:41:01
2024-12-12 11:39:55
2024-12-12 11:38:52
2024-12-12 11:37:47
2024-12-12 11:36:57
2024-12-11 10:45:10
2024-12-11 10:43:49
2024-12-11 09:46:24
2024-12-11 09:45:24