“Microsoft” компанийг үүсгэн байгуулагчдын нэг болох Билл Гейтс тус компанийн захирлуудын зөвлөлөөс гарчээ.
Тэрбээр “дэлхийн эрүүл мэнд, хөгжил, боловсрол зэрэг салбарт явуулж буй буяны ажиллагаандаа, мөн цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд илүү их анхаарал хандуулахын тулд" ийм алхам хийсэн гэж “Microsoft” компанийн баасан гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Гейтс технологийн салбар хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллах аж.
Тэрбээр 2014 онд “Microsoft” компанийн захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалаас огцорч, түүний халааг хараат бус захирал Жон Томпсон авсан юм.
Америкийн “Microsoft Corp” компанийг Билл Гейтс, Пол Аллен нар 1975 онд байгуулжээ. Вашингтон муж улсын Редмонд хотод төвтэй тус компани олон улсын програм хангамж хөгжүүлэгч, үйлдвэрлэгч юм.
Гейтс өнгөрөгч нэгдүгээр сард “Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян эрхмүүдийн жагсаалтад гуравдугаарт бичигджээ. Тухайн үед түүний хөрөнгө 110.4 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн байна. “Forbes” сэтгүүлийн шинжээчдийн тооцоолсноор, гуравдугаар сарын 10-ны “хар даваа гараг”-ийн дараа “Microsoft” компанийг үндэслэгч 3.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.
Билл Гейтс “Microsoft” компанийн захирлуудын зөвлөлөөс гарчээ |
|