Лхагва, 2024-10-30
Монгол Улсыг дэлхийд сурталчлах “Mongolia House”-ыг Парис хотноо нээжээ

“Парис 2024” зуны 33 дахь олимпын наадмын хүрээнд спортын тэмцээн уралдаануудаас гадна соёл урлагийн үйл ажиллагаа, хөгжөөн дэмжигчдийн бүс, олон нийтийн оролцооны хөтөлбөрүүд зохион байгуулагдаж буй.

Энэ үеэр House төслүүд хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улс анх удаа “Mongolia House” нэрийн дор Парис хотын зүүн хойд хэсэгт байрлах 55.5 га талбай бүхий La Villette цэцэрлэгт хүрээлэнд эх орноо таниулан сурталчлахаар үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ. “Mongolia House”-ын нээлт долоодугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд  наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэл 16 хоногийн турш гадаад, дотоод иргэдэд нээлттэй байх аж.

МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Энд хүрэлцэн ирсэн Олон Улсын Олимпын хороо, Азийн Олимпын зөвлөлийн гишүүд, Ла Виллетт цэцэрлэгт хүрээлэнгийн төлөөлөгч, хүндэт зочид, хатагтай ноёд та бүхэнд өглөөний мэнд дэвшүүлье. Уг төслийг бодит ажил болгоход гар бие оролцож, туслалцаа үзүүлсэн хэн бүхэнд талархлаа илэрхийлмээр байна.

Бид жил хүрэхгүй хугацааны өмнө буюу 2023 оны аравдугаар сард Ла Виллетт цэцэрлэгт хүрээлэнтэй гэрээ үзэглэж,  Mongolia House төслийг эхлүүлсэн. Өмнө нь Токиогийн олимпын үеэр цар тахлын улмаас зохион байгуулж чадаагүй ч энэ удаа бид төслөө бодитоор хэрэгжүүлж байна.

Уг төсөл нь нэгдүгээрт Монголынхоо түүх, соёл, уламжлалыг Олимпын наадмын үеэр дэлхий нийтэд таниулах, хоёрдугаарт, Олимпод оролцож буй баг, тамирчдаа алдаршуулж, тэднийг дэмжих зорилготой. Энэ удаагийн Парис 2024 зуны олимпод манай улсаас 32 тамирчин оролцож байгаа бөгөөд 3.5 сая орчим хүн амтай Монгол Улсын хувьд Олимп бүрд маш амжилттай оролцсоор ирсэн. Тиймдээ ч тэдний ялалт, амжилтыг бахархан тэмдэглэх, басхүү гэрчлэхэд Mongolia House чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОУ-ын Олимпын хорооны Дэд Ерөнхийлөгч Сэр Мианг, ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантино, Оскарын шагналт жүжигчин, ОУ-ын Олимпын хорооны гишүүн Мишелле Иео тэргүүтэй гадаад дотоодын 5000 гаруй зочид, төлөөлөгчид зорин иржээ.

“Парис 2024” зуны олимпын үеэр Канад, Колумб, Мексик, Чех, Энэтхэг, Бразил, Словак, Тайвань зэрэг дэлхийн 15 гаруй улс, байгууллага өөрсдийн соёл уламжлал, ёс заншил, үүх түүхийг таниулан сурталчилж буй энэ цаг үед “Mongolia House” өдөр бүрийн 11:00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл уртын дуу, ардын хөгжим, бие биелгээ, уран нугаралт тэргүүтэй үндэсний урлагийн үзүүлбэрүүд, бөх, сур харваа, шагайн харваа зэрэг уламжлалт спортын танилцуулгууд, монгол тоглоом наадгай, цагаан идээ, амтат зоогоор үйлчилж, хуран чуулсан хэн бүхний мэлмийг баясгаж, сонорыг мялааж байна.



ОУОХ-ны Дэд ерөнхийлөгч Сэр Мианг Нг, Юун түрүүнд хүндэт найз, ОУОХ-ны гишүүн Баттүшигтээ намайг Mongolia House-т урьсанд баярлалаа гэж хэлмээр байна. Энд сэтгэл хөдөлгөм, эрч хүчтэй үндэсний үзүүлбэрүүд, соёл уламжлал, үндэсний спортыг мэдэрч чадлаа. Миний хувьд үндэсний хэв шинжтэй гэр болон өөрийн биеэр туршиж үзсэн сур харваа, уран бичлэгийн хэсэг хамгийн их таалагдсан. Парисын олимпод оролцож буй Монголын бүх тамирчдадаа амжилт хүсэж, сайн сайхныг ерөөхийн сацуу Олимпын наадмын эв нэгдлийг эрхэмлэж, энд өнгөрүүлж буй цаг мөч бүрээ тултал мэдрээсэй гэж хүсье гэв.



"Mongolia House" төслийг МҮОХ-ны санаачилгаар хэрэгжүүлж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам, төрийн бус байгууллагууд болон бизнесийн түнш байгууллагууд дэмжин оролцож байна.

 

 


Монгол Улсыг дэлхийд сурталчлах “Mongolia House”-ыг Парис хотноо нээжээ
2024-07-30 11:50:40
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ