БНСУ-д зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо аажмаар нэмэгдэж буйтай холбоотойгоор ирэх дөрөвдүгээр сараас эхлэн гадаадын орнуудаас ирсэн бүх хүнийг хоёр долоо хоног тусгаарлахаар болжээ.
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, өнөө өглөөний байдлаар халдвар авсан хүний тоо 9661 болж, 158 хүн нас баржээ. Мөн халдварын 412 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн байна.
Шинэ арга хэмжээний дагуу лхагва гаргаас эхлэн БНСУ-д хилийн чанадаас ирсэн бүх хүнийг 14 хоног тусгаарлах бөгөөд тус улсад оршин суух хаяггүй хүмүүсийг Засгийн газраас үүрэг өгсөн байрнуудад өөрсдийнх нь зардлаар тусгаарлах ажээ.
Мөн Засгийн газар аялж жуулчлах гэх мэт онцын шаардлагагүй зорилготой хүмүүсийг хил нэвтрэхийг хязгаарлах үүднээс түр хугацаагаар ирсэн гадаадын иргэдийг ч мөн хоёр долоо хоног тусгаарлахаар болжээ. Үүнд дипломат визтэй хүмүүс хамааралгүй аж.
БНСУ-д одоогийн байдлаар Европоос урт хугацаагаар ирсэн хүмүүсийг шинж тэмдэг илэрсэн эсэхийг нь үл харгалзан шинжилгээ авч, хоёр долоо хоног тусгаарлаж байгаа бол АНУ-аас ирсэн хүмүүст гэртээ хоёр долоо хоног тусгаарлагдах шаардлага тавьж байгаа юм.
БНСУ-д гадаадын орнуудаас ирсэн бүх хүнийг тусгаарлана |
|