Японд залуусын дунд коронавирусний халдварын тоо нэмэгдэж байгаа бөгөөд ийм халдварын тархалтыг хянахад маш хэцүү байгааг тус улсын эрх баригчид мэдээлжээ.
“Сүүлийн үед залуусын дунд халдварын тоо нэмэгдэж байна. Японд халдвар авсан хүмүүсийн тал орчим хувийг 40 болон түүнээс доош насны хүмүүс эзэлж байна. Эдгээр тохиолдлын ихэнхийнх нь ямар замаар халдвар авсныг, түүнчлэн хавьтсан байж болзошгүй хүмүүсийг олж тогтооход маш хэцүү байна. Үүнээс гадна, вирус том хотуудад хурдан тархаж эхэлсэн” гэж Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Кацунобу Като “NHK” телевизийн хэлэлцүүлэгт оролцохдоо мэдэгдсэн байна.
“NHK” телевиз ням гаргийн өглөө бүр улстөрчид, шинжээчид оролцсон хэлэлцүүлгийг явуулж байгаа аж.
Японд халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа хэдий ч онцгой байдал тогтоох хэмжээний аюултай нөхцөл байдал хараахан үүсээгүй байна гэж тус улсын эрх баригчид үзэж байгаа юм. Коронавирусний халдвар хурдацтай тархаж байгаа Токиогийн захиргаа мөн ийм байр суурь баримталж байна. Гэсэн хэдий ч Токиогийн захирагч Юрико Коикэ оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг хоёр дахь амралтын өдрүүдээ дараалан хүссэн байна. Бямба, ням гарагт тус хотын худалдааны томоохон төвүүд, музей, кино театруудыг хааж, зугаа цэнгэлийн бүх арга хэмжээг цуцалжээ.
Японд одоогийн байдлаар “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүдийг оруулаад 4200 орчим хүн коронавирусний халдвар аваад байгаа бөгөөд 70 орчим хүний биеийн байдал хүнд байна. Халдварын улмаас 90 гаруй хүн нас баржээ.
Японд залуус халдвар авах нь ихэсчээ |
|