Ням, 2024-11-24
ОХУ-ын Ерөнхийлөгч коронавирустэй тэмцэх шинэ арга хэмжээгээ танилцуулав

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бүс нутгуудын захирагч нартай лхагва гарагт хийсэн видео хурлынхаа үеэр коронавирустэй тэмцэх шинэ арга хэмжээ авахыг санал болголоо. В.Путин хурлыг нээж үг хэлсэн бөгөөд эхний хэсэг нь бүс нутгуудын эрх баригчид, ОХУ-ын Засгийн газар болон Төв банканд, харин хоёр дахь хэсэг нь ард түмэндээ хандсан үг байв.
 
Түүний иргэдээсээ хүссэн хамгийн гол зүйл бол тахлын оргил үе өнгөрөх хүртэл өөрийгөө тусгаарлах дэглэмийг чанд сахин мөрдөж, тэсвэр тэвчээртэй, дэг журамтай байх юм.
 
“Бүх зүйл болоод өнгөрнө. Манай улс хэд хэдэн удаа хүнд сорилт бэрхшээлүүдийг даван туулсан билээ. Бид "энэ халдварыг" ялан дийлэх болно. Бид бүгд хамтдаа даван туулах болно” гэж тэрбээр хэлжээ.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч цар тахал дэгдсэнээс хойш ард түмэндээ хандан хоёр удаа мэдэгдэл хийж, тахалтай тэмцэх арга хэмжээнийхээ талаар танилцуулсан билээ. Энэ удаад Путиний хэлсэн үгнээс иргэд болон бизнес эрхлэгчдэд дэмжлэг болох тодорхой арга хэмжээнүүдийг дурдвал:
 
Ачаалал нь нэмэгдсэн эмч, эмнэлгийн ажилтнуудад нэмэлт цалин олгоно. Коронавирусний халдвар илэрсэн өвчтнүүдтэй шууд ажиллаж буй эмч нарын хувьд сард 80 мянган рублийн нэмэлт цалин авна. Эмнэлгийн дунд шатны ажилтнуудад 50 мянган рубль,  доод шатны ажилтнуудад сард 25 мянган рубль олгоно.
Түргэн тусламжийн эмч нар сард 50 мянган рублийн нэмэлт цалин авна. Дунд мэргэжлийн эмнэлгийн ажилтан, сувилагч, жолооч нар 25 мянган рубль нэмэлтээр авна. Энэ арга хэмжээ гурван сарын хугацаанд хүчинтэй байх аж.
Түр хугацаагаар ажилгүй болсон, гурваас долоо хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлд урьд өмнө олж байсан орлогыг нь харгалзахгүйгээр хүүхдийн тэтгэмж олгоно.
Эхийн тэтгэмж авах эрхтэй гэр бүлд гурав хүртэлх насны хүүхэд тус бүрт дөрөв, тав мөн зургадугаар сард 5000 рубль өгнө.
Гуравдугаар сарын 1-нээс хойш ажлын байраа алдаж, хөдөлмөр эрхлэлтийн албанд хандсан хүмүүс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний дээд хэмжээ буюу 12 130 рублийн ажилгүйдлийн тэтгэмж авах боломжтой.
Засгийн газар дор хаяж гурван сарын хугацаанд паспорт, жолооны үнэмлэх, бусад баримт бичгийг автоматаар сунгах механизмыг боловсруулна.
Засгийн газар өргөн хэрэглээний болон моргежийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах арга хэмжээнд илүү олон хүнийг хамруулах ёстой.
Цар тахалд нэрвэгдсэн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг зургаан сараар хойшлуулна.
Засгийн газар, Төв банк бизнес эрхлэгчдэд нэмэлт дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулна.
 

ОХУ-ын Ерөнхийлөгч коронавирустэй тэмцэх шинэ арга хэмжээгээ танилцуулав
2020-04-09 13:07:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0