Ням, 2024-11-24
Их Британи коронавирустэй тэмцэхэд 200 сая фунт стерлингийн тусламж үзүүлнэ

Их Британи хөгжиж буй орнуудад коронавирусний халдварын тархалтыг сааруулахад туслалцаа үзүүлэх зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ болон хандивын байгууллагуудад 200 сая фунт стерлингийн /248 сая ам.доллар/ тусламж олгохоор болжээ.
 
“Reuters” агентлагийн тоон үзүүлэлтүүдээс үзэхэд, дэлхий даяар 1.6 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, уг халдварын улмаас 100 мянга гаруй хүн нас барсан байна.
 
БНХАУ-д өнгөрсөн 12 дугаар сард анх бүртгэгдсэн уг халдвар дэлхийн 210 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдээд буй энэ үед Их Британийн Олон улсын хөгжлийн асуудал хариуцсан сайд Энн-Мари Тревелья дээрх мэдэгдлийг хийсэн байна. Түүний мэдэгдсэнээр, ядуу буурай орнуудад туслалцаа үзүүлснээр Их Британид халдварын тохиолдлууд зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулах ажээ.
 
Их Британид халдварын улмаас нас барсан хүний тоо 10 мянгад дөхсөн нь дэлхийд тавдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм.
 
“Манай чадварлаг эмч, сувилагч нар коронавирустэй тэмцэж буй энэ үед бид халдварын хоёр дахь давлагаа Их Британид эхлэхээс урьдчилан сэргийлэх үүднээс дэлхий дахинд мэдлэг чадвар, санхүүгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна” гэж Э.Тревелья мэдэгджээ. Мөн тэрбээр, коронавирус хил дамнан тархаж байгаа учир зөвхөн британичуудыг хамгаалах нь үр дүнгүй тул хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж нэмж хэлсэн байна.
 
Их Британийн Засгийн газрын мэдээлснээр, 130 сая фунт стерлингийг НҮБ-ын агентлагуудад, 65 сая фунт стерлингийг ДЭМБ-д, 50 сая фунт стерлингийг дайны хөлд нэрвэгдсэн, алслагдмал бүс нутгуудад туслах зорилгоор Улаан загалмай нийгэмлэгт, 20 сая фунт стерлингийг бусад хандивын байгууллагад олгох ажээ. 

Их Британи коронавирустэй тэмцэхэд 200 сая фунт стерлингийн тусламж үзүүлнэ
2020-04-13 10:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0