Ням, 2024-11-24
Их Британид хөл хориог гурван долоо хоног сунгана

Коронавирусний цар тахлын улмаас Их Британид гуравдугаар сарын 23-наас эхлэн тогтоосон хорио цээрийн дэглэмийг тавдугаар сарын 7-ныг хүртэл сунгана гэж “The Times” сонин мэдээлжээ
 
Тус сонинд мэдээлснээр, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны үүргийг орлон гүйцэтгэж буй Гадаад хэргийн сайд Доминик Рааб хязгаарлалтын арга хэмжээг дахин гурван долоо хоног сунгахаар болсныг пүрэв гарагт мэдэгдэх аж. Рааб энэ шийдвэрийг Умард Ирланд, Уэльс, Шотландын нэгдүгээр сайд нартай зөвшилцөнө гэж сонинд тэмдэглэжээ.
 
Хязгаарлалтын арга хэмжээ үр дүнгээ өгч байна гэж Рааб даваа гарагт Лондонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахыг хориглосон Их Британийн иргэд Засгийн газрынхаа тогтоол журмыг дагаж мөрдөж байгаа бөгөөд тус улсад коронавирусний халдварын тархалт хумигдах шинж тэмдэг ажиглагдаж эхэлжээ. “The Times” сонинд бичсэнээр, Их Британийн иргэдийн 74 хув нь вирус тархсаны улмаас удааширсан эдийн засгийг сэргээхээс илүүтэйгээр дэгдэлтийг хянах нь одоо чухал гэж үзэж байна. Харин “Kekst CNC” компанийн мэргэжилтнүүдийн явуулсан уг санал асуулгын дүнгээс үзвэл, АНУ-ын иргэдийн 61 хувь нь, Германы иргэдийн 54 хувь нь ийм бодолтой байгаа аж.
 
Их Британийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр, тус улсад 88 мянга гаруй хүн халдвар авч, 11329 хүн нас барсан бөгөөд өдөрт нас барсан тохиолдлын тоо гурав дахь өдрөө дараалан буурчээ.  

Их Британид хөл хориог гурван долоо хоног сунгана
2020-04-15 09:15:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0