АНУ-ын 80 сая гаруй татвар төлөгч энэ долоо хоногт Засгийн газраас үзүүлэх тусламжийг авна гэж тус улсын Сангийн яам мэдээлэв.
Тус яамны мэдээлэлд дурдсанаар, Америкийн татвар төлөгчдийн “дийлэнх олонх нь” ирэх хоёр долоо хоногийн хугацаанд тусламжийн мөнгөө авна. Коронавирус тархсаны улмаас эдийн засагт хүндрэл үүссэнтэй холбогдуулан Америкийн иргэдэд 1200 ам.доллар олгох хуулийг тус улсын Конгресс өмнө нь баталсан юм. Уг хуульд заасны дагуу мөн 17 хүртэлх насны хүүхэд бүрт 500 ам.доллар өгнө.
Дөрөвдүгээр сарын 15-ны лхагва гараг хүртэл "хэдэн арван сая" татвар төлөгчийн банкны дансанд тусламжийг шилжүүлнэ гэж Америкийн Сангийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ. Үүнээс гадна, татварын албанд дансны дугаараа өгөөгүй татвар төлөгчид тусгай программ татан авч, мэдээллээ бүрэн бөглөж мөнгөө шууд авах боломжтой. Харин программ татаагүй иргэдэд шуудангаар чек илгээнэ. Энэ бүх үйл явц дөрөвдүгээр сарын эцэс хүртэл үргэлжлэх аж.
2019 онд 75 мянга хүрэхгүй ам.долларын орлого олсон иргэнд, эсвэл 150 мянган ам.долларын орлоготой гэрлэсэн хосод Засгийн газраас үзүүлэх тусламжийг бүтэн олгоно. Жилийн хугацаанд үүнээс илүү орлого олсон хүмүүсийн хувьд тусламжийн хэмжээ буурна. Харин 99 мянга гаруй ам.долларын орлого олсон хүмүүст болон 198 мянган ам.долларын орлоготой гэр бүл эрх баригчдаас мөнгө авахгүй байна.
АНУ-д татвар төлөгч 140 сая гаруй иргэн байдаг бөгөөд эдгээр иргэдээс гадна, орлогын нэг эх үүсвэртэй тэтгэвэр авагчид гэх мэт татварын тайлан гаргадаггүй хэд хэдэн ангилалд хамаардаг хүмүүс Засгийн газрын тусламжийг авах аж.
Америкийн 80 сая гаруй иргэн энэ долоо хоногт тусламж авна |
|