Хонконгийн цагдаа нар сөрөг хүчний 14 дэмжигчийг өнгөрсөн онд болсон Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцсон хэргээр буруутгаж, баривчлан саатуулсан тухай “South China Morning Post” сонин мэдээлсэн байна.
Саатуулагдсан хүмүүсийн дунд "Пинго жибао" сонины эрхлэгч, хэвлэлийн магнат Жимми Лай, хүний эрхийг хамгаалагч, Хонконгийн ардчиллын төлөөх тэмцэгч 81 настай Мартин Ли, улс төрийн идэвхтэн Альберт Хо нар байжээ. Эдгээр хүнийг БНХАУ-ын эрх баригчид Хонконгт болсон Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг гол зохион байгуулагчид нь байсан гэж үзэж байгаагаас гадна тэднийг АНУ-ын улс төрийн хүрээнийхэнтэй холбоотой байдаг хэмээн мэдэгдсэн байна.
Түүнчлэн саатуулагдсан хүмүүсийн дунд хууль тогтоогч байсан хэд хэдэн хүн байжээ.. Тэд цагдаагийн хэсгүүдэд хүргэгдсэн байна. Тэднийг 2019 оны 8, 10 дугаар сард хууль бусаар явуулсан олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон хэмээн буруутгаж магадгүй байна.
Сэжигтнүүдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал Хонконгт өнгөрсөн оны зургадугаар сараас өрнөж эхэлсэн бөгөөд Хонконгийн засаг захиргаа уг баримт бичгийг эргүүлэн татсан боловч эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсэн хэвээр байсан юм. Цагдаа нар жагсаал цуглаанд оролцож, эмх замбараагүй байдал үүсгэсэн 7.6 мянган хүнийг саатуулсан юм. Нөхцөл байдал 11 дүгээр сарын дунд үеэс хэвийн болж, иргэд жагсаал цуглаан хийх нь багасжээ.
Хонконгийн цагдаа нар жагсаал, цуглаан зохион байгуулагчдыг саатуулжээ |
|