Бямба, 2024-11-23
Б.Тейлорын ар гэрийнхэнд 12 сая ам.доллар олгоно

АНУ-ын Кентукки муж улсын Луисвилл хотын эрх баригчид гэртээ байхдаа цагдаа нарын гарт амиа алдсан өнгөт арьст эмэгтэй Бреонна Тейлорын ар гэрийнхэнд 12 сая ам.доллар олгохоор шийдвэрлэв.
 
Африк-Америк гаралтай, 26 настай Б.Тейлор энэ оны гуравдугаар сарын 13-нд мансууруулах бодисын нэгжлэгийн үеэр цагдаа нарт таван удаа буудуулсны улмаас гэртээ амь насаа алджээ. АНУ-д сүүлийн саруудад өрнөсөн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг жагсаалын үеэр түүний нэрийг онцлон дурдаж байсан юм.
 
Б.Тейлорын гэр бүлийн өмгөөлөгч Лонита Бейкер эрх баригчдын дээрх шийдвэрийг шударга ёсыг тогтоох чиглэлд гарч буй нэгэн ахиц хэмээн тодорхойлоод, цагдаагийн байгууллагад хийж буй шинэчлэлүүдийг сайшаажээ. Гэвч Б.Тейлорын гэр бүлийнхэн хэрэгт холбоотой цагдаа нарыг баривчлах зэргийг шаардаж байгааг онцлон хэлсэн байна.
 
Эрх баригчдын шийдвэрт хотын цагдаагийн газартай холбоотой хэд хэдэн шинэчлэлийг багтаасан бөгөөд үүнд нэгжлэг хийх бүх зөвшөөрлийг өндөр албан тушаалтнаар батлуулах зэрэг оржээ. Гэвч Б.Тейлорын ээж Тамика Полмер цагдаа нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг уриалаад, цагдаагийн байгууллагын шинэчлэлийн төлөө Б.Тейлорын нэрийг дурссаар байхыг олон нийтэд уриалжээ.  
 
“Louisville Courier” сэтгүүлд мэдээлснээр, Луисвилл хотын түүхэнд цагдаагийн буруутай үйл ажиллагаатай холбогдуулан хамгийн их хэмжээний нөхөн олговор олгож буй нь энэ ажээ.
 
Миннесато муж улсын Миннеаполис хотод өнгөрсөн тавдугаар сард өнгөт арьст эрэгтэй Жорж Флойд цагдаа нарт баривчлагдах үеэрээ нас барснаас хойш Б.Тейлорын амиа алдсан хэрэгт олон нийт дахин анхаарлаа хандуулж эхэлжээ.
 
Ж.Флойдыг нас барснаас хойш дэлхий даяар арьсны өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцсэн, цагдаа нарын буруутай үйлдэлд анхаарлаа хандуулахыг уриалсан жагсаал өрнөж эхэлсэн юм. 

Б.Тейлорын ар гэрийнхэнд 12 сая ам.доллар олгоно
2020-09-17 12:54:15
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0