“Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын байгаль хамгаалагчдын эвсэл Монголд баригдаж буй далантай холбогдуулан ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд албан ёсоор гомдол гаргажээ. Дээрх байгууламж нь ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн, Өвөр Байгалын хязгаарын нутагт орших "Даурийн үзэсгэлэнт газрууд"-д аюул учруулж байна гэж эвслийн Орос дахь зохицуулагч Александр Колотов мэдээлсэн байна. “Хил хязгааргүй гол мөрөн” эвслийн Орос, Монголын байгаль хамгаалагчид Улз гол дээр томоохон хэмжээний байгууламж барьж байгааг “Sentinel” хиймэл дагуулаас авсан зургуудаас олж мэджээ.
Улз гол нь ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Орос-Монголын хил дамнасан үзэсгэлэнт газруудын усны гол эх үүсвэр юм. Уг голыг 700 метр урт, 9-12 метрийн өндөртэй далангаар хааж, 27 сая шоо метрийн багтаамжтай усан сан байгуулахаар төлөвлөж байгааг нэмэлт судалгаа харуулсан гэж байгаль хамгаалагчид ярьжээ.
Байгаль хамгаалагчдын мэдээлж буйгаар, даланг Монголын эрх баригчдын шууд зааврын дагуу "гол татарч ширгэхээс урьдчилан сэргийлэх" зорилгоор байгуулж байгаа аж. Дараагийн үе шатанд хөрш улстай хил дамнасан бусад голын дээд хэсэгт далан барих төслүүдийг идэвхжүүлнэ гэж байгаль хамгаалагчид үзэж байна.
- Усны байгууламжийг шинээр барьж байгуулах жинхэнэ зорилгын талаар бид эргэлзэхгүй байна. Учир нь Улз голын ай савын ус ашиглагчдын 80 орчим хувь нь Монголын уул уурхайн компаниуд байдаг. Өөрөөр хэлбэл Дэлхийн байгалийн өвийн хосгүй газар зөвхөн ашигт малтмал олборлох, боловсруулах хэмжээг нэмэгдүүлэх гэсэн зорилгоос болж усны гол эх үүсвэргүй болох гэж байна" гэж Александр Колотов ярьжээ.
“Хил хязгааргүй гол мөрөн” байгууллагын олон улсын зохицуулагч Евгения Симоновын хэлснээр, Даурийн газар нутаг усны эргэлтийн мөчлөгийн эхэн үед байгаа аж.
-Тийм учраас далан барих гол зорилго гээд байгаа “голыг хатаж, татрахаас аврахын тулд" ус хуримтлуулах нь тун утгагүй зүйл шиг харагдаж байна. Даурийн экосистемийн хувьд Улз гол дээр далан барьснаас гарах сөрөг үр дагавар нь эерэг нөлөөллөөсөө илүү их байна гэж Симонов хэлсэн байна.
“Хил хязгааргүй гол мөрөн” байгууллагынхан Монголын эрх баригчдаас Улз гол дээр далан барихаа нэн даруй зогсоож, уг төслийн хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийхийг шаарджээ.
ЮНЕСКО-гийн өвийг сүйтгэх даланг Монголчууд барьж байна |
|