Ханиад томууны улирал эхэлсэн болон коронавирусийн халдварын шинэ тохиолдол өссөнтэй холбоотойгоор Оросын нийслэл Москва хотын дунд сургуулиуд 10 дугаар сарын 5-18-ны хооронд хоёр долоо хоног амарна гэж Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр, хүүхдийн цэцэрлэгүүд хэвийн горимоор ажиллах гэнэ.
"Эмч нарын зөвлөснөөр, ханиад томууны өвчлөл намар дэгддэг, мөн коронавирусийн халдварын тоо өсч байгаатай холбоотойгоор намрын амралтыг хоёр долоо хоног болгон нэмэгдүүлж, бүх сургуулиуд нэгэн зэрэг 10 дугаар сарын 5-18-ны хооронд амарна" хэмээн Сергей Собянин мэдэгджээ.
Мөн энэ хугацаанд нэмэлт боловсролын байгууллагууд, хүүхдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоох бөгөөд амралтын үеэр алсын зайн сургалт зохион байгуулагдахгүй гэнэ. Сургууль амарсан үеэр хүүхдүүдийг гэрт нь эсвэл зуслан дээр байлгаж, ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд аваачих зэргээр цэвэр агаарт аль болох их гаргахыг зөвлөсөн байна. Түүнчлэн худалдааны төвүүд, нийтийн тээврээр хүүхдүүдээ дагуулж явахгүй байхыг эцэг эхчүүдэд уриалжээ.
Энд дуулгахад, Оросын нийслэл Москва хотод сүүлийн үед коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 65-аас дээш насныхныг өөрсдийгөө тусгаарлах горим дахин үйлчилж байгаа юм. ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш 1,16 сая халдварын тохиолдол бүртгэгдсэнээс Москвад 287 мянга гаруй тохиолдол илэрсэн байна.
COVID-19: Москвагийн сургуулиуд ирэх сард хоёр долоо хоног амарна |
|