Бямба, 2024-11-23
Трамп вирусийн халдвартай хэвээр байгаа бол Байден дараагийн халз мэтгэлцээнд оролцохгүй гэжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас өрсөлдөж буй нэр дэвшигч Жо Байден хэрвээ ерөнхийлөгч Трамп коронавирусийн халдвартай хэвээр байгаа бол телевизийн хоёр дахь халз мэтгэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
 
“Бид журмаа хатуу мөрдөх ёстой. Маш олон хүн халдвар аваад байна. Энэ бол ноцтой асуудал” гэж тэр ярьсан байна.
 
Нэр дэвшигчдийн хоёр дахь халз мэтгэлцээн аравдугаар сарын 15-нд Флоридагийн Майами хотод болох товтой байгаа юм.
 
Дональд Трампаас аравдугаар сарын 1-ний өдөр вирусийн халдвар илэрсэн. Гэхдээ хэзээ халдвар авсан, хэзээнээс шинж тэмдэг илэрсэн нь тодорхойгүй байгаа.
 
АНУ-д мөрдөгдөж байгаа халдварт өвчнөөс сэргийлэх журмын дагуу Трамп шинж тэмдэг илэрсэн өдрөөсөө хойш 10 хүртэл хоног тусгаарлагдах ёстой юм. Гэтэл тэр халдвартай нь тогтоогдож, эмнэлэгт хэвтсэнээсээ хойш гурав хоногийн дараа ажилдаа орсон.
 
Байдены мэдэгдлийн дараа Трампын сонгуулийн үйл ажиллагааны зөвлөх Женна Эллис хэвлэлд ярихдаа ерөнхийлөгчийн бие маш сайн байгаа ч халз мэтгэлцээнд оролцох эсэх шийдвэрийг Цагаан ордны эмч нартай зөвлөлдсөний дараа гаргана гэжээ.
 
Трамп коронавируст “нухацтай хандаж байгаа” ч “вирусээс айж амьдрах ёсгүй” гэсэн байр суурьтай байгааг тэр бас хэлсэн байна.
 
Өнгөрсөн долоо хоногт болсон анхны мэтгэлцээнд сайн оролцож чадаагүй Байден “ийм аргаар хоёр дахь мэтгэлцээнээс зугтаж байна” гэж үзэж байгаагаа Эллис нэмж хэлжээ.

Трамп вирусийн халдвартай хэвээр байгаа бол Байден дараагийн халз мэтгэлцээнд оролцохгүй гэжээ
2020-10-07 16:36:06
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0