Бямба, 2024-11-23
ОХУ-ын 50 гаруй хотод болж буй эсэргүүцлийн жагсаал

ОХУ даяар сөрөг хүчний Ирээдүйн Орос намын лидер Алексей Навалный-г суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна.

Оросын 50 гаруй хотод бямба гаригт жагсаал зохион байгуулагдсан бөгөөд нийслэл Москва хотод хамгийн том хэмжээний жагсаал болсон. ОХУ-ын Дотоод хэргийн яам нийслэлд болсон жагсаалд 4000 гаруй иргэн оролцсон гэж мэдээлсэн юм. Тэгвэл Оросын “The Moscow Times” болон “Proekt” зэрэг чөлөөт хэвлэлүүдийн мэдээлснээр Москвад болсон жагсаалд хамгийн багадаа 15 мянгаас 40 мянган хүн оролцсон бол Санкт-Петербург хотод болсон жагсаалд мөн ижил тооны хүн оролцсон байна.

 

 

Эсэргүүцлийн жагсаалд ихэвчлэн Оросын залуу үеийн төлөөллүүд оролцсон бөгөөд тэд дарангуйлагч эрх баригчдыг огцрохыг шаардан, ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө үзэл бодлоо тайван замаар илэрхийлсэн юм. Гэвч үдээс хойш хэд хэдэн хотод жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч эмх замбараагүй байдал үүссэн байна.

ОХУ дахь жагсаал цуглааны үеэр цагдаагийн баривчилгаанд хяналт тавьдаг “Open Democracy OVD Info” ашгийн бус байгууллагын мэдээлснээр бямба гаригт болсон жагсаалын үеэр улсын хэмжээнд 3100 гаруй хүн саатуулагдсан бөгөөд үүний 1200 нь Москва хотод болсон жагсаал оролцогчдыг баривчилжээ. Цагдааг саатуулагдсан иргэдийн дунд Алексей Навалный-гийн эхнэр Юлия Навальная болон түүний туслах Любов Собол зэрэг хүмүүс баривчлагджээ. Мөн “OVD Info”-гийн мэдээлснээр ОХУ-ын хүчний байгууллагууд жагсаалын өмнөх өдөр буюу баасан гаригт улсын хэмжээнд Алексей Навалный-г дэмжигчид болон түүний жагсаал, арга хэмжээнүүдийг зохион байгуулагч идэвхтнүүдийг урьдчилан баривчилсан байна.

 

 

Тэгвэл Английн “BBC” хэвлэлийн мэдээлснээр ОХУ-ын хэмжээнд 100 гаруй хотод их бага хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагджээ. Жагсагчид сөрөг хүчний тэргүүн Алексей Навалый-г суллахыг шаардаж, ОХУ-д ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг шаардан, Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний тойрон хүрээлэгчдийг огцрохыг шаардсан байна. Барууны хэвлэлүүд ОХУ-д болж буй үйл явцыг сүүлийн 10 жилийн хугацаанд болсон хамгийн том хэмжээний эсэргүүцлийн жагсаал гэж тодорхойлжээ. Харин Оросын хэвлэлүүд тус улсад болж буй үйл явцын талаар хэт нэг талд мэдээлж байгаа явдлыг тус улсын ард түмэн эсэргүүцсээр байна.

 

АНУ-ын Төрийн департамент ОХУ дахь үйл явц, масс баривчилгааг ард түмний үзэл бодлоо тайван замаар чөлөөтэй илэрхийлэх эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гэж тодорхойлсон юм. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нэд Прайс ОХУ-ын эрх баригчдад хандан жагсаалд оролцож буй иргэд болон сэтгүүлч, сурвалжлагчдын эсрэг хүчирхийлэл үйлдэж байгаа нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, сөрөг хүчний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гээд Алексей Навалый-г нэн даруй суллахыг шаардсан байна.  

 


ОХУ-ын 50 гаруй хотод болж буй эсэргүүцлийн жагсаал
2021-01-23 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0