Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Чувашийн Бүгд Найрамдах Улсад 2021 оны нэгдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд томилолтоор ажиллаж байна.
Энэ хүрээнд тэрбээр Чебоксар хотноо ОХУ-ын Бүгд Найрамдах Чуваш Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Д.И.Краснов, Аж үйлдвэр, эрчим хүчний сайд Е.Р.Герасимов нартай уулзалт хийлээ.
Уулзалтаар Д.И.Краснов сайд Элчин сайд Д.Даваагийн Чуваш Улсад хийж буй албан томилолтод амжилт хүсэж, худалдаа, эдийн засаг, эрчим хүч, батлан хамгаалахын салбаруудад Монгол Улстай илүү нягт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, улмаар тус улсын удирдлагын зүгээс дээрх чиглэл, салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд шаардлагатай бүхий л хүчин чармайлтыг гаргаж ажиллахаа мэдэгдлээ.
Элчин сайд Д.Даваа халуун дотноор хүлээн авсан Бүгд Найрамдах Чуваш Улсын удирдлагуудад талархал илэрхийлж, найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд Монгол Улс, ОХУ-ын хооронд харилцан ашигтай худалдаа, эрчим хүч, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжих бүрэн бололцоотой болохыг тодотгож, энэ хүрээнд Бүгд Найрамдах Чуваш Улсад дээр дурдсан чиглэлүүдээр иж бүрэн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, байгууллагуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын холбогдох байгууллагуудад уламжлан, хамтарч ажиллах боломжийг эрэлхийлэхээ нотлов.
Эх сурвалж: ГХЯ
Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Чуваш улсад томилолтоор ажиллаж байна |
|