Европын комисс пүрэв гаригт Европын холбооны орнуудад борлуулагдаж буй бүх ухаалаг гар утас ижил “Type-C” оролт бүхий холболттой байх ёстой гэх шийдвэрийг гаргалаа.
Харин ухаалаг төхөөрөмжийн холболтын нөгөө төгсгөл буюу эрчим хүчтэй холбогдох оролт нь “USB-A” эсвэл “USB-B” байх ёстой аж. Түүнчлэн, шинэ журмаар төхөөрөмжийг хурдан цэнэглэх хурд болон кабелын шаардлагыг стандартчилсан байна.
Уг шийдвэр нь хэрэглэгчид шинэ төхөөрөмж худалдан авахдаа хуучин цэнэглэгчээ дахин ашиглах байдлыг дэмжиж, технологийн хог хаягдлыг бууруулах зорилготой юм. Мөн энэхүү журам нь зөвхөн ухаалаг гар утас төдийгүй бүх төрлийн таблет, камер, чихэвч, зөөврийн спикер болон видео тоглоомын консоль гард хамаарна. Харин ашиглах нөхцөл болон техникийн шалтгаанаар утасгүй чихэвч, ухаалаг бугуйн цаг болон фитнесс тракер төхөөрөмжүүдэд энэхүү журам үйлчлэхгүй.
Европын холбооны энэхүү шийдвэр нь технологийн салбарын тэргүүлэгч “Apple” компанийн хувьд том цохилт болох нь гарцаагүй. Учир нь, “Apple”-ийн “iPhone” ухаалаг гар утас болон “iPad”, “iPod” төхөөрөмжүүд нь хэрэглэгчдэд зөвхөн “Lightning” холболттой очдог. Түүнчлэн, “Apple”-ийн инновацийн бүх шийдэл нь “Lightning” холболтоор дамжих байдлаар хийгдсэн байдаг. Тиймээс Европын холбооны шийдвэр “Apple”-д цэнэглэгчийн холболт болон инновацийн шийдлээ шинэчлэх эсвэл Европын зах зээлээс гарах гэх хоёр сонголтыг үлдээгээд байна.Технологийн тэргүүлэгч “Apple” компани энэ асуудалд “Зөвхөн нэг төрлийн холболт ашиглах тухай хатуу зохицуулалт нь инновацийг боомилох болно. Улмаар энэ нь Европ болон дэлхийн хэрэглэгчдэд хохирол учруулж болзошгүй гэдэгт бид санаа зовж байна” гэх байр суурийг илэрхийлжээ. Мөн компани 2030 он гэхэд үйлдвэрлэлийн бүх түвшин нүүрстөрөгчийн ялгарлыг бүрэн халах зорилт тавьсан болохоо дахин илэрхийлсэн юм.
Харин дийлэнх “Andoird” үйлдлийн систем бүхий ухаалаг гар утас үйлдвэрлэгчид “Micro USB” холболтоос “Type-C” оролт бүхий холболт руу богино хугацаанд шилжсэн.
Европын комиссын 2018 онд хийсэн судалгаагаар Европын зах зээлд борлуулагдаж буй нийт ухаалаг гар утасны тал хувь нь “Micro USB” холболттой, 29 хувь нь “Type-C”, үлдсэн 21 хувь нь “Lightning” холболттой гэх тоо гарчээ. Мөн ухаалаг гар утасны цэнэглэгчийн холболтыг дахин ашиглах байдал тааруу байдгаас шалтгаалж жилд 11 мянган тонн хог хаягдал үүсдэг гэх тооцоог хийсэн байдаг.
Зөвхөн өнгөрөгч онд Европын зах зээлд 420 сая орчим ширхэг ухаалаг гар утас борлуулагдсан байна. Харин нэг хэрэглэгч дунджаар гурван цэнэглэгч ашигладаг гэх тоо байдаг аж. Европын ухаалаг гар утасны зах зээлд 2021 оны хоёрдугаар улирлын байдлаар “Samsung” тэргүүлж байгаа юм. Тухайлбал, “Samsung” Европын зах зээлд борлуулагдаж буй нийт ухаалаг гар утасны 31 хувийг бүрдүүлж байгаа бол Хятадын “Xiaomi” 24 хувь, “Apple” 20 хувь, мөн Хятадын “Oppo” 7 хувь, “OnePlus” 3 хувь, “Huawei” 1 хувийг бүрдүүлж байна.
Европын холбоо ‘Apple’-д том цохилт өглөө |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27