Бямба, 2024-11-23
​The Diplomat: Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд орохоос татгалзав уу

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76-р чуулга уулзалт энэ өдрүүдэд зохион байгуулагдаж байна. АНУ-ын Нью-Йорк хотноо жил бүр болдог энэхүү арга хэмжээ нь НҮБ-ын гишүүн 193 орны төлөөлөгч нарын хувьд гадаад бодлогоо таниулах, олон улсад хандаж мэдэгдэл хийх, бусад орны удирдлагуудтай уулзаж, хэлэлцээ өрнүүлэх хамгийн том платформ юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхийнхээ хугацаанд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд нэг ч удаа биечлэн оролцож байгаагүй. Тухайлбал, 2017 онд Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил, 2018 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, 2019 онд Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар нар оролцсон бол НҮБ-ын өндөр жилийн ой буюу 2020 онд Ерөнхий Ассамблейн 75-р чуулга уулзалтад Ерөнхийлөгч асан Х.Баттулга цахимаар оролцож байв.

Харин Монгол Улс Ерөнхий Ассамблейн 76-р чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа нь НҮБ-д онцгой ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Тажикстаны нийслэл Душанбе хотноо болсон ШХАБ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцсон билээ.  

Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх лхагва гаригт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд илтгэл тавих үеэрээ Монгол Улс ирэх онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн статусын төлөө өрсөлдөх талаар огт дурдаагүй юм. Үүнийг нь олон улсын ажиглагчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илтгэлээс Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн суудлын төлөө өрсөлдөхөөс татгалзаж, Японд байр сууриа тавьж өглөө гэж дүгнэсэн байна.

Тухайлбал, Ази-Номхон далайн орнуудын дипломат харилцааны талаар дагнан бичдэг “The Diplomat” сэтгүүлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илтгэлдээ хөгжил, эко системийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт, цөмийн зэвсгийн эсрэг Монгол Улсын байр суурийг тайлбарлаж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлсэн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын НҮБ-ын индэрт хэлсэн үгтэй харьцуулахад илүү амбийцтай байв. Гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илтгэлдээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд нэр дэвшиж байгаа талаар тодорхой дурдаагүй нь Монгол Улс ирэх онд болох сонгуулиас нэрээ татахаар төлөвлөж байгаа эсвэл сонгуульд идэвхтэй өрсөлдөхгүй гэж таамаглахад хүргэж байна гэсэн юм.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нь НҮБ-ын үндсэн зургаан байгууллагын нэг бөгөөд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, шинэ гишүүд элсүүлэх асуудлыг Ерөнхий Ассамблейд зөвлөх, Ерөнхий Ассамблейн хурлаар нийт гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авсан НҮБ-ын дүрмийн өөрчлөлтийг батлах үүрэгтэй чухал бүтэц билээ. Монгол Улс Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн болох нь манай улсын хувьд хамгийн том димпломат амжилт болох нь гарцаагүй.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл АНУ, БНХАУ, ОХУ, Их Британи, Франц гэх байнгын 5 гишүүн орон, жил бүрийн сонгуулиар хоёр жилийн хугацаатай сонгогддог байнгын бус 10 гишүүн орон, нийт 15 улсаас бүрддэг. Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн 10 орон нь Африк тивийн 3, Ази-Номхон далайн бүс нутгийн 2, Зүүн Европын бүс нутгийн 1, Латин Америк, Карибын тэнгисийн 2, Баруун Европын 2 төлөөлөл тус тус сонгогддог. Байнгын бус гишүүн болохын тулд нэр дэвшигч орон НҮБ-ын нийт гишүүн орнуудын гуравны хоёрын дэмжлэгийг авах шаардлагатай.

Ази-Номхон далайн бүс нутгаас 2020 онд Энэтхэг, 2021 онд АНЭУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд сонгогдсон. Улмаар ирэх жил Энэтхэгийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох юм. Тэгвэл Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэн нэг жарны түүхэнд Аюулгүйн Зөвлөлд анх удаа орохоор ирэх оны сонгуульд Японтой өрсөлдөж буй.

Мэдээж жижиг орны хувьд Аюулгүйн Зөвлөлд өрсөлдөх нь хөрөнгө санхүү, НҮБ-ын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах цар хүрээ, бусад орны дэмжлэг зэргээр өндөр хөгжилтэй орнуудтай өрсөлдөхөд бэрх. Үнэндээ НҮБ-ын өнөөгийн гишүүн 193 орны гуравны нэг нь Аюулгүйн Зөвлөлд нэг ч удаа сонгогдож байгаагүй аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2014 онд Монгол Улс 2022 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн суудлын төлөө өрсөлдөхөө зарлаж, сонгуулийн кампанит ажлыг эхлүүлж байв. Гэтэл Япон улс ердөө 2019 онд буюу НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74-р чуулганы үеэр 2022 оны Аюулгүйн Зөвлөлийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн.

Хамгийн гол нь Монгол Улс үнэхээр Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орны статусын төлөө өрсөлдөхгүй байх шийдвэр гаргасан бол ямар шалтгаан нөлөөлсөн бэ гэх асуулт гарах юм. Тэгвэл “The Diplomat” сэтгүүлд үүнийг Монгол-Японы найрсаг харилцаатай холбон тайлбарласан байна. Япон бол Монголын гуравдагч хөрш бөгөөд эдийн засаг, хөрөнгө оруулалтын томоохон донор орон билээ. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ болон БНХАУ-аас ил, далд шахалт үзүүлж, Монгол Улсын гадаад харилцаа хүнд байдалд байгаа энэ цаг үед Японтой өрсөлдөхгүй байх шийдлийг эрэлхийлж байна гэж дүгнэжээ.


​The Diplomat: Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд орохоос татгалзав уу
2021-09-24 20:18:42
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0