Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны үед Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн албыг хашиж байсан Стефани Гришэмийн дурсамж ном болох “I’ll Take Your Questions Now” ирэх долоо хоногт худалдаанд гарах гэж байна.
Номын хуулбарыг олж авсан Вашингтон Пост сонин уг номонд дурдагдсан зарим сонирхолтой баримтуудаас дэлгэжээ.
Тухайлбал 2019 онд Японы Осака хотод болсон уулзалтын үеэр Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд “Би одоо хэсэг хугацаанд тантай арай хатуу харьцах байх. Гэхдээ энэ бол камерны өмнөх үйлдэл гэдгийг та ойлгож байгаа. Сэтгүүлчдийг гарсны дараа хоёул ярилцана” гэж хэлж байсныг Гришэм дурссан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нь ОХУ-ын ерөнхийлөгчтэй найрсаг харилцаатай гэсэн шүүмжлэлд байнга өртдөг байв. Сонгуульд ялахдаа Оросын талаас дэмжлэг авсан эсэхийг нь хүртэл тусгай прокурор мөрдөн шалгаж байсан юм.
Осакад болсон Их 20-ын уулзалтын үеэр Трамп хуурамч мэдээлэл цацдаг сэтгүүлчдийг “эндээс зайлуулбал таарна” хэмээн хошигнохдоо Путинээс “Танай Орост ийм асуудал байдаггүй биз дээ” гэж хэлж байжээ.
Хариуд нь Путин “Манайд ч бас ийм асуудал бий” гэж хариулсан байна.
Энэ үеэр Трамп Путин руу заагаад “Манай сонгуульд бүү хутгалд” хэмээн инээмсэглэн хэлсэн нь өмнө тохиролцсоны дагуу хатуурхсан хэрэг байжээ.
Гришэмийн номонд бас тэргүүн хатагтай Меланиа Трампыг Францын хатан Мари Антуанеттай зүйрлэсэн байна.
Тухайлбал порно од Сторми Даниэлзтэй холбоотой Трампын дуулиан дэгдсэнээс хойш Меланиа нөхрөөсөө хол хөндий байх болжээ.
Сонгуулийн шөнө олны нүдэн дээр Трамптай хамт байгаагүй Меланиаг тухайн үед олон нийт шүүмжилж байв. Энэ үед өрсөлдөгч Жо Байден үргэлж эхнэр Жиллийн хамт байжээ.
Меланиа энэ талаар “Би түүнтэй хамт зогсож чадахгүй. Учир нь би Жилл шиг түүнийг тэвэрч чадахгүй” гэж хэлж байсан гэнэ. Бас Цагаан ордны ажилтнууд Трампыг уурлуулахгүйн тулд бодит байдлыг нууцалж, худал мэдээлэл өгдөг байсныг Гришэм дурссан байна.
Трампын хэвлэлийн төлөөлөгч Гришэмийн номыг "ерөнхийлөгчийн нэр хүндийг худалдаж, мөнгө олох гэсэн ээжилт оролдлого" гэж шүүмжилсэн байна.
Эх сурвалж: The Guardian
Трамп Путинд “Камерны өмнө би тантай хатуу харьцах болно” гэж хэлж байжээ |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27