Фэйсбүүк компанид ажиллаж байсан Фрэнсис Хауген хэмээх эмэгтэй сүүлийн үед тус компанийн талаар таагүй баримтуудыг нийтэд тарааж эхэлсэн юм.
Гурван долоо хоногийн өмнөөс The Wall Street Journal сэтгүүл түүний дэлгэсэн баримтуудыг цувралаар нийтэлж эхэлсэн байна. Ням гарагт Хауген телевизийн “60 Minutes” ярилцлагын хөтөлбөрт оролцож, анх удаа олны өмнө ил гарчээ.
Хауген нь Фэйсбүүк компанийн сонгуулийн үеэр худал хуурмаг мэдээлэл тарахаас сэргийлэх зорилготой Civic Integrity багт бүтээгдэхүүний менежэрээр хоёр жил ажиллаад энэ оны тавдугаар сард ажлаасаа гарч байсан гэнэ.
Ингэхдээ тэр олон мянган хуудас компанийн дотоод бичиг баримтыг авч гарсан юм байна.
Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-ын Сенатын дэд хороо Фрэнсис Хаугеныг урьж, нийтийн сонсгол зохион байгуулжээ.
Энэ үеэр Хауген дэлхийн хамгийн том сошиал медиа компанийг ашиг олохын тулд хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх хортой бүтээгдэхүүнийг санаатай зах зээлд нэвтрүүлдэг хэмээн шүүмжилсэн байна.
“Фэйсбүүкийн бүтээгдэхүүнүүд хүүхдүүдийн сэтгэлзүйг хордуулж, нийгмийг талцуулж, манай ардчиллыг сулруулдагт итгэсэн учраас би өнөөдөр энд байгаа юм” гэж Хауген ярьжээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “Компанийн удирдлагууд Фэйсбүүк, Инстаграмыг хэрхэн аюулгүй, зөв болгохыг мэдэж байгаа ч асар их хэмжээний ашгийг хүмүүсээс дээгүүр тавьдаг тул ийм өөрчлөлт хийхгүй нь тодорхой. Конгрессийн зүгээс арга хэмжээ авах цаг болсон. Тэд энэхүү хямралаас та бүхний оролцоогүйгээр гарч чадахгүй болсон” гэсэн байна.
Сонсголын дараа Фэйсбүүк компаниас гаргасан мэдэгдэлд Хаугеныг өөрийн ажиллаж байгаагүй, сайн мэдэхгүй салбар чиглэлийн талаар буруу мэдээллийг нийтэд өглөө хэмээн шүүмжилжээ.
Сонсголд оролцсон АНУ-ын хоёр гол намын сенаторууд дуу нэгтэйгээр Фэйсбүүк компанийн эрхлэн явуулдаг бизнест зохицуулалт хийх шаардлагатайг онцолсон байна.
Тухайлбал Ардчилсан Намын сенатор, дэд хорооны дарга Ричард Блюменталь “Тэд хүүхдүүд, тэдний гэр бүлд үүсгэсэн зовлон шаналалаас илүү ашгийг дээгүүр тавьж байна” гэж хэлээд Фэйсбүүкийн булхайг ил гаргасан Хаугены зоригийг магтан сайшаажээ.
Сенатор Эд Марки түүнтэй ижил байр суурь илэрхийлэхдээ Хаугеныг “21 дүгээр зууны Америкийн баатар” гэж өргөмжилсөн байна.
Блюменталь бас Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэргийг Конгресст ирж, мэдүүлэг өгөхийг шаарджээ.
“Фрэнсис Хаугенд, бидэнд, дэлхий нийтэд, Америкийн эцэг эхчүүдэд та яагаад ийм зүйл хийснээ, хийж байгаагаа тайлбарлах ёстой” гэж тэр сонсголын үеэр хэлсэн байна.
Закербэргээс мэдүүлэг авах асуудал дээр санал нэгдэж байгаагаа Бүгд Найрамдах Намын сенаторуудын ахлагч Рожер Уикер бас хэлжээ.
Ричард Блюменталь олон жилийн турш бүтээгдэхүүнийхээ хортой талыг нууцалж ирсэн Америкийн тамхи үйлдвэрлэгчидтэй Фэйсбүүкийг зүйрлэж, тэдгээр компаниудтай адил гэм буруугаа хүлээж, бодлогоо шинэчлэх цаг болсныг Марк Закербэргт анхааруулсан байна.
Сүүлийн өдрүүдэд Фэйсбүүк компанийг тойрсон дуулиан тасрахгүй байгаа. Даваа гарагт тус компанийн сүлжээ бараг долоон цагийн турш тасалдсан нь технологийн томоохон компаниудын хувьд ховор үзэгдэл байлаа. Саяхан бас тус компани Инстаграм үйлчилгээнийхээ хүүхдүүдэд зориулсан хувилбарыг зах зээлд гаргах төлөвлөгөөгөө цуцалсан нь олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй холбоотой байв.
Эх сурвалж: Politico
Экс ажилтан нь Фэйсбүүк компани ёс суртахууны хувьд дампуурсныг АНУ-ын Сенатад мэдэгдэв |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27