Бямба, 2024-11-23
Бүс ба зам: Хятадын геополитик Ойрхи Дорнод руу чиглэжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 онд Казахстан улсад төрийн айлчлал хийх үеэрээ Торгоны замын эдийн засгийн бүс буюу “Бүс ба зам" санаачилгыг хамгийн анх дэлхий нийтэд зарлаж байв.

Үндсэндээ "Бүс ба зам" санаачилгын хүрээнд хөгжиж буй орнуудад эрчим хүч, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, банк санхүү, дэд бүтэц, тэр дундаа хуурай болон далайн боомт, авто зам, төмөр замд стратегийн хөрөнгө оруулалт хийх замаар Бээжин хотыг бүх тив, далайтай холбож, Хятад улс дэлхийн төв болох зорилготой юм. Энэ утгаараа "Бүс ба зам" санаачилга нь БНХАУ-ын эрх баригч Коммунист намын гадаад бодлого, геополитикийн төв гэж тодорхойлдог.

"Бүс ба зам" санаачилгын хүрээнд:

-Казахстаны газар нутгаар дамжин баруун хойд Хятадыг ОХУ-ын хамгийн олон хүн амтай баруун хэсэгтэй холбох Шинэ Евразийн тив газрын гүүр төсөл хэрэгжиж байгаа бөгөөд үүнд БНХАУ, Казахстан, ОХУ, Беларусь, Польш, Германыг холбох Торгоны замын төмөр зам төсөл багтдаг. Ингэснээр БНХАУ төмөр замаар Атлантын далайн хойд тэнгист хүрэх зорилготой.

-Монгол Улсын газар нутгаар дамжин зүүн хойд Хятадыг ОХУ-ын байгалийн баялаг ихтэй алс дорнодтой холбох Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор төсөл.

-Төв Азийн Киргизстан, Тажикстан, Узбекистан, Туркменистаны нутгаар дамжин Баруун Хятадыг Турктэй холбох Хятад-Төв-Баруун Азийн коридор төсөл. Энэ нь Газар дундын тэнгисээр дамжин Хойд Африк болон Европын өмнөд хэсэгтэй холбогдох зорилготой.

-Зүүн өмнөд Хятадын аж үйлдвэрийн томоохон хотууд болон далайн боомтуудыг Малайз, Сингапур, Индонез зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудтай холбох Хятад-Энэтхэг, Хятадын хойгийн эдийн засгийн коридор буюу БНХАУ-ыг Энэтхэгийн далайтай холбох төсөл.

-Өмнөд Хятадыг Бангладештай холбож, Бенгалын булан болон Андаманы тэнгистэй холбох Бангладеш-Хятад-Мьянмарын эдийн засгийн коридор төсөл.

-Зүүн Хятадыг Пакистаны өмнөд хэсгийн Гвадар боомттой холбож, Арабын тэнгист гарах зорилготой Хятад-Пакистаны эдийн засгийн коридор гэх зургаан төсөл хэрэгжиж байна.

Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 4-8 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэх тооцоо бий. Их Британийн Лондонд төвтэй Эдийн засаг, бизнесийн судалгааны төв-ийн судлаачдын 2019 онд хийсэн судалгаагаар хэрэв эдгээр төслүүд амжилттай хэрэгжсэн тохиолдолд "Бүс ба зам" санаачилга нь 2040 он гэхэд жил бүр дэлхийн ДНБ-д 7.1 их наяд ам.долларын хувь нэмэр оруулна гэх урьдчилсан тооцоог хийсэн байдаг.  

"Бүс ба зам" санаачилгын хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын төрийн өмчит Торгоны зам сан болон дэлхийн 103 улсын гишүүнчлэлээс бүрдэх Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан санхүүжүүлдэг. Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн гол өрсөлдөгч болж хөгжих болсон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хамгийн том буюу 30 хувийг БНХАУ дангаараа эзэмшдэг.  

Тэгвэл БНХАУ-ын эрх баригчид "Бүс ба зам" санаачилгын хүрээнд өнгөрсөн хугацаанд дэлхийн 138 оронд нийт 770 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Нийт хөрөнгө оруулалтын 38 хувь нь эрчим хүч, 25 хувь нь тээвэр, 10 хувь барилга, 8 хувь нь уул уурхайн салбарт хийгджээ.

Харин бүс нутгийн хувьд "Бүс ба зам" санаачилгын нийт хөрөнгө оруулалтын 27 хувь нь Зүүн Ази, 22 хувь нь Баруун Ази, 21 хувь нь Африк, 14 хувь нь Араб болон Ойрхи Дорнодын орнуудад зарцуулагдсан байна. Үлдсэн 16 хувь нь Европ, Хойд Америк болон Өмнөд Америкт оруулсан хөрөнгө оруулалт аж.

Тэгвэл “Green Finance & Development Center” бие даасан судалгааны байгууллагаас гаргадаг "Бүс ба зам" санаачилгын 2021 оны эхний хагас жилийн хөрөнгө оруулалтын тайлангаас харахад "Бүс ба зам"-ын хөрөнгө оруулалтын тоо, хэмжээ хумигдаж, Хятадын геополитик Ази, Африкаас Ойрхи дорнод руу чиглэх дүр зураг ажиглагдаж байгаа юм.

Тодруулбал, 2021 оны эхний хагас жилд "Бүс ба зам" санаачилгын хүрээнд нийт 19.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Энэ нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 30 орчим хувиар буурсан үзүүлэлт юм. "Бүс ба зам" санаачилгын хүрээнд 2020 оны эхний хагас жилд 27.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж байв.

Хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан нь 2018 онд 1.3 тэрбум байсан Хятадын нэг төсөлд хөрөнгө оруулах санхүүжилтийн гэрээний дундаж дүн 0.55 тэрбум ам.доллар болж буурсантай холбоотой аж. Эрчим хүчний салбарын хувьд 2021 оны эхний хагас жилд нүүрсний төсөлд огт хөрөнгө оруулалт хийгээгүй бол сэргээгдэх эрчим хүчний төсөлд хийх санхүүжилт 90 хувиар буурсан байна.

Эсрэгээрээ Бээжингийн эрх баригчид "Бүс ба зам" санаачилгын хүрээнд зөвхөн 2021 оны эхний хагас жилд газрын тосны төслүүдэд 1.4 тэрбум ам.долларын санхүүжилт хийжээ. Өнгөрөгч 2020 онд газрын тосны төслүүдэд нийт 1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж байв. Хятадын газрын тосны хөрөнгө оруулалт нь үндсэндээ Ойрхи Дорнодын улсуудад чиглэж байгаа юм.

Бүс нутгаар авч үзвэл 2021 оны эхний хагас жилийн байдлаар "Бүс ба зам" санаачилгын хүрээнд Зүүн Азид хийгдэх хөрөнгө оруулалт 59 хувиар, Европ дахь хөрөнгө оруулалт 84 хувиар тус тус огцом буурсан бол Араб, Ойрхи Дорнодын орнуудад хийх хөрөнгө оруулалт 35 хувиар өсчээ. Үүний цаана Бээжин Афганистан, Ираны газар нутгаар дамжин Оманы булан болон Персийн буланд гарах сонирхол байгаа нь илт байна.

Цаашдаа Ази тивд хийгдэх Хятадын хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг нь тээвэр логистикийн салбарт эсвэл хурдан хэрэгжих жижиг төслүүдэд хийх хүлээлттэй байгаа юм. Түүнчлэн, “COVID-19” цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн үед Хятадын хөрөнгө оруулалтын эрэлт нэмэгдэх нь гарцаагүй. Тиймээс "Бүс ба зам" санаачилгаар дамжин Хятадын өрийн хавх улам чангарах эрсдэлийг дахин анхааруулах болжээ.

БНХАУ нь дэлхийн хамгийн том хоёр талт буюу шууд зээлдүүлэгч улс болоод байгаа юмДэлхийн банкны ахлах эдийн засагч Кармен Рейнхарт өмнө нь "Бүс ба зам" санаачилгын хүрээнд БНХАУ-ын банкуудаар дамжуулан олгосон нийт зээлийн 60 хувь нь хоёр талт нууц гэрээгээр хөгжиж буй орнуудад хуваарилагдаж байгааг мэдээлж байв. Бээжин зээлийн барьцаа хөрөнгөөр ихэвчлэн байгалийн баялаг, уурхай, боомт, тухайн улсын валютын нөөц зэргийг баталгаажуулдаг. Нийт зээлийн гуравны нэг нь эдгээр барьцаа хөрөнгөөр баталгаажсан гэх тооцоо бий.  


Бүс ба зам: Хятадын геополитик Ойрхи Дорнод руу чиглэжээ
2021-10-15 14:14:38
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-03-02 14:39:53
    22: мэдээ мэдээллийг яагаад эх сурвалжийг тавилгүй бичдэг юм бэ???