БНХАУ-ын төвийн мужуудад өнгөрөгч зун үерийн гамшиг тохиож, газар тариалангийн гол бүс нутгууд их хэмжээний ургац алдсан. Дээр нь өнөөдрийн байдлаар манай урд хөршийн 11 мужид “COVID-19”-ийн халдварын тохиолдол бүртгэгдэж, дельта халдварын тархалт дэгдээд байгаа юм.
Улмаар БНХАУ-ын хэмжээнд цар тахал болон байгалийн гамшигт үзэгдлээс шалтгаалсан хүнсний хомсдол, үнийн өсөлт бий болоод байгаа билээ. Харин Хятадын Засгийн газар энэ долоо хоногийн эхээр онц байдал үүсэж болзошгүй байгаагаас шалтгаалан иргэдийг хүнс болон шаардлагатай бусад зүйлсийг нөөцлөхийг уриалсан. Мөн Хятадын зарим орон нутгийн хэвлэл иргэдийг жигнэмэг, бэлэн гоймон, витамин, амин дэм, радио болон гар чийдэн зэрэг хүнс, бараа бүтээгдэхүүн нөөцлөхийг зөвлөсөн юм.
Үүний дараа манай урд хөршид паник худалдан авалт бий болж, Хятадын томоохон зах, худалдааны төв болон супермаркетууд цагаан будаа, ургамлын тос, давс тэргүүтэй хүнс нөөцлөхийг зорьсон олон мянган иргэний ачаалалд дарагдсан байна.
Тэгвэл даваа гаригт БНХАУ-ын Худалдааны яам “Weibo” хаягаараа дамжуулан орон нутгийн хэвлэлүүд иргэдэд хүнс нөөцлөхийг зөвлөсөн нь Тайваньтай үүсээд байгаа улс төр, цэргийн хурцадмал байдалтай холбоотой. Тиймээс иргэд сандралд автаж, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулсан юм.
Гэвч БНХАУ-ын Худалдааны яамны лхагва гаригт мэдээлсэн статистик үзүүлэлтээс харахад зөвхөн өнгөрөгч аравдугаар сард тус улсад хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 26.7 хувиар огцом өссөн байна. Тухайлбал, өргөн хэрэглээний 30 төрлийн хүнсний ногооны бөөний дундаж үнэ есдүгээр сарын 26-нд килограмм тутамд 4.39 юань байсан бол аравдугаар сарын 31-ний байдлаар 26.7 хувь өсөж, 5.99 юань хүрчээ.
Тэгвэл Хятадын эрх баригч Коммунист намын “People’s Daily” сонинд мэдээлснээр 2021 оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар тус улсын хэмжээнд хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.7 хувиар өссөн байна. Үүний дотор гахайн махны үнэ 10.6 хувь, хүнсний ногоо 6.6 хувь, өндөг 6.4 хувиар өсжээ.
Үр дүнд нь Хятадад инфляцын өсөлт бий болгож, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэл нүүрлэж байгааг мэргэжилтнүүд дурджээ. Тухайлбал, “Morgan Stanley” банкны эдийн засагч Робин Чинг энэ талаар “Өрхүүдийн амьжиргааны зардлыг илэрхийлдэг Хятадын хэрэглэгчийн үнийн индекс өнгөрөгч аравдугаар сард бараг хоёр дахин өссөн. Гахайн мах, хүнсний ногоо зэрэг Хятадын иргэдийн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж, байгалийн гамшиг, цар тахлын улмаас хүнсний нийлүүлэлт тасалдсан зэрэг хүндрэл нь инфляц ийнхүү өсөхөд гол нөлөөг үзүүлж байна” гэжээ.
Түүнчлэн Хятадын эрх баригчид тус улс дахь цар тахлын өнөөгийн нөхцөл байдлыг дарах зорилгоор хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн нь нийлүүлэлтийн тасалдлыг бий болгож, түүхий эдийн үнэ өсөж, эцсийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үндсэн шалтгаан болж байгаа аж.
Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сард үйлдвэрлэлийн зардлын хэмжүүр болох Хятадын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2021 оны есдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.7 хувиар өссөн аж. Тэгвэл цар тахлын хязгаарлалт хэрэгжиж эхэлсэн өнгөрөгч сард үйлдвэрлэгчийн үнийн индекс түүхэн рекорд буюу 11-12 хувиар өссөн байна.
Эдийн засагчид БНХАУ-д үүсээд буй хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон инфляцын өсөлт нь цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг хадгалах, мөнгөний бодлогыг үр дүнтэй байлгахыг хичээж буй Хятадын эрх баригчдын хувьд хамгийн том хүндрэл, сорилт болж байна гэжээ.
Эх сурвалж: CNBC, People’s Daily, Shine, Reuters
БНХАУ-д хүнсний хомсдол бий болж, үнэ зогсолтгүй өссөөр байна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27