Олимпын наадмын тав дахь өдөр буюу хоёрдугаар сарын 9-нд зургаан багц медалийн эзэд тодорлоо. Германчууд хоёр алт авснаар нийлбэр дүнгээр тэргүүлж эхэлсэн бол Норвеги алт, мөнгөн медаль нэжгээдийг хүртсэн амжилтаар тавдугаар байраас хоёр руу дэвшив.
Түүнчлэн анхны алтан медалиа авсан Словак, БНСУ 15, 17-р байрт бичигдэж эхэллээ. Ингээд өнөөдөр юу болоод өнгөрснийг тоймлон хүргэе.
УУЛЫН ЦАНА
Эмэгтэйчүүдийн слалом төрөл
1.Петра Вльгова /Словак/ 1:44.98
2.Катарина Линсбергер /Австри/ 1:45.06
3.Венди Холденер /Швейцар/ 1:45.10
Бусад төрлөө бодвол илүү хурдтай буухаас гадна богино эргэлтээр туг сүлждэг гэдэг утгаараа слалом нь уулын цанын амаргүй төрөлд тооцогддог. Тамирчдаас өндөр ур чадвар шаарддаг тус төрөлд словак бүсгүй Вльгова түрүүлж, улсынхаа түүхэнд уулын цанаар алт авсан анхны тамирчин боллоо. Гэхдээ тэрбээр өнгөрсөн улиралд Дэлхийн цомд нийлбэр дүнгээр тэргүүлсэн, Бээжинд гарцаагүй алтын төлөө өрсөлдөх тамирчнаар нэрлэгдэж байсан нэгэн юм.
Өнгөрсөн жил дэлхийн аваргын энэ төрөлд түрүүлсэн Австрийн Линсбергер мөнгө дээр буусан бол Пёнчаны олимпын алт, мөнгө, хүрэл медальт Холденер Бээжингээс анхны медалиа зүүв.
ФРИСТАЙЛ
Эрэгтэйчүүдийн биг эйр төрөл
1.Бирк Рууд /Норвеги/ 187.75
2.Колби Стивенсон /АНУ/ 183.00
3.Хенрик Харлаут /Швед/ 181.00
Биг эйр бол агаар дээр өндөр үсрэх явцдаа нарийн төвөгтэй элемент хийж гүйцэтгэдэг фристайлын амаргүй төрөл бөгөөд энэ жил олимпын наадмын хөтөлбөрт анх удаа багтсан юм. Тус төрөлд Норвегийн тамирчин, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Бирк Рууд итгэл төгс түрүүллээ. Хоёр оролдлогын дараа тэрбээр түрүүлэх нь тодорхой болсон тул сүүлийн гараанд улсынхаа далбааг атган үзүүлбэрээ толилуулав.
Өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Америкийн К.Стивенсон эхний гүйцэтгэл дээрээ бүтэлгүйтэж, сүүлээсээ гуравт жагсаж байсан ч удаах хоёр оролдлогоо төгс гүйцэтгэснээр мөнгө дээр буув.
Хүрэл медалийн төлөө Шведийн хоёр тамирчин өрсөлдөж, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Харлаут гурван онооны илүүгээр дээр нь бичигдлээ. Италийн залуу тамирчин Р.Донаггио гуравт явж байсан ч сүүлийн үзүүлбэр дээрээ унаж, медалиа тавиад туучихав.
ЦАНЫН ХОЁР ТӨРӨЛТ
Normal hill/10км
1.Винценц Гайгер /Герман/ 25:07.7
2.Йорген Гробак /Норвеги/ 25:08.5
3.Лукас Грайдерер /Австри/ 25:14.3
Пёнчаны олимпын багийн тэмцээний аварга Гайгер трамплиндаа 11-р байр эзэлж, цанын 10 км-т тэргүүлэгчээс 1:26 минут хоцрон гараанаас гарсан ч хурдан тэшилтийнхээ ачаар аваргалж чадлаа.
Сочигийн олимпын хошой аварга Гробак түүнтэй эцсийн мөч хүртэл тэмцээд үзүүрлэсэн бол Австрийн Грайдерер олимпын наадмын анхны медалиа өөрийн болгов.
ШОРТ-ТРЕК
Эрэгтэйчүүдийн 1500 метр
1.Хван Дае-Хён /БНСУ/ 2:09.219
2.Стивен Дубоис /Канад/ 2:09.254
3.Семён Элистратов /Оросын ҮОХ/ 2:09.267
Дэлхийн аваргын дөрвөн алт, нийт долоон медальтай солонгос залуу 1500 метрт анхны томоохон амжилтаа гаргаж, олимпын аварга боллоо. Тэрбээр Пёнчаны олимпын 500 м-т аман хүзүүдэж байв.
Хятад аав, унгар ээжтэй Шандор Лю урьдчилсан шатанд олимпын рекордыг шинэчлэн тогтоосон ч финалд тааруухан байж зургадугаар байр эзлэв.
Оросын Элистратов Сочигийн алтан медаль дээрээ Бээжингийн хүрэл нэмлээ.
СНОУБОРД
Эмэгтэйчүүдийн кросс төрөл
1.Линдси Жекобеллис /АНУ/
2.Хлоя Треспеш /Франц/
3.Марета О’Дайн /Канад/
Дэлхийн зургаан удаагийн аварга, сноубордын домог болсон тамирчдын нэг Жекобеллис олимпын анхны алтаа Бээжингээс авлаа. Сочид түүнтэй хамт медалийн тавцанд зогсож байсан (хүрэл авсан) Треспеш энэ удаад мөнгө дээр буув. Харин Канадын О’Дайн дэлхийн хэмжээний анхны амжилтаа гаргасан нь Бээжингийн олимпын хүрэл медаль болов.
ХОККЕЙ
Эрэгтэйчүүдийн хэсгийн шат
Оросын ҮОХ-Швейцар 1:0
Дани-Чех 2:1
Эрчүүдийн хоккейн тэмцээн В хэсгийн хоёр тоглолтоор эхэллээ. NHL-ийн шилдгүүдийн эзгүйд олимпын хоккей тааварлахын аргагүй өрнөх шинжтэй. Даруухан Данийн баг медалийн тааварт явсан Чехийг хожиж, анхны сенсаацыг дэгдээв.
Германчууд багийн дүнгээр тэргүүлж эхэллээ |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27